Үйлчилгээ муу, харьцааны доголдолтой, буруу эмчилгээ бичиж өгдөг
гэхчилэн олон төрлийн шүүмжлэлийн бай болдог ч өвдсөн, зовсон хүмүүс
өрхийн эмнэлгээ бараадхаас өөр аргагүй.
Тэр дундаа амьдралын түвшин доогуур иргэд амьдардаг захын хорооллын
өрхийн эмч нар ачаалал ихтэй. Үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ авах
хүмүүс олон байдгаас хотын төвийн өрхийн эмнэлэгтэй харьцуулбал тэнгэр,
газар шиг ялгаатай.
Сонгинохайрхан дүүргийн III хороонд байрлах “Мичид Ундарга” өрхийн
эмнэлэг гэхэд 15 мянган иргэнд үйлчлүүлдэг. Тус эмнэлэг өрх тусгаарлан
гарахдаа зургаан мянган хүнд үйлчлэх багтаамж бүхий эмнэлгийн байранд
орсон. Гэсэн ч хоёр дахин илүү хүнд үйлчилдэг болохоор байдал хүнд. Тэр ч
бүү хэл цагаа сунгаж ажилладаг хэдий ч өвчтөнүүд тасардаггүй гэсэн.
Нийтээрээ биш ч захын ихэнх хорооллын өрхийн эмнэлгийн байдал ийм. Гэсэн
ч өнөөг хүртэл цалингаа дорвитой нэмүүлж байгаа өрхийн эмч нарын
байдал, амьдрал хүнд байдаг талаар тэд ярьж байна.
Өрхийн эмч нарын цалин 250- 350 мянган төгрөг. Төрийн албан хаагч ямар
байдгийн адилаар эмч нарын дийлэнх нь цалингийн зээлтэй, олон хүүхэдтэй,
өрх толгойлсон байдаг. Төрөөс албан хаагчдынхаа цалинг нэмэхэд өрхийн
эмч нарын цалин нэмэгддэггүй.
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа ч өрхийн эмнэлэг хувийн хэвшлийн
байгууллага гэж явдаг. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн IV хорооны
“Эрүүл ирээдүй” өрхийн эмнэлгийн их эмч Г.Туяа “Бид төрийн үйлчилгээг
иргэдэд үзүүлдэг. Тэр утгаараа төрөөс цалин нэмэхэд биднийх ч мөн дагаад
нэмэгддэг гэж ихэнх хүмүүс үздэг.
“Цалин мөнгийг чинь нэмээд байхад олигтой ажиллахгүй байна” гэж загнах
хүн олон. Гэтэл өрхийн эмнэлэг гэдэг хувийн хэвшлийн байгууллага гэж
явдаг. Тиймээс цалингийн доод хэмжээ нэмэгдэхгүй л бол бидний цалин
нэмэгдэхгүй гэсэн үг” хэмээн ярилаа.
Сардаа дээд тал нь 350 мянган төгрөг авдаг. Энэ нь амьдралд хаанаа ч
хүрдэггүй болохоор өрхийн эмнэлэгт ажиллах хүсэлтэй эмч байхгүй. Ихэнх
нь хувийн юм уу улсын эмнэлэгт ажиллах сонирхолтой байдаг аж. Хорооныхоо
нярай хүүхдүүдийг эргэж тойрох, жирэмсэн эхчүүдээ хяналтад авах,
өвчтөнүүдээ үзэх гээд тэдний ажил мунддаггүй ч авч байгаа цалин нь бага
болохоор чадвартай эмч нар нь хувийн эмнэлэг барааддаг гэнэ.
Өрхийн эмч нарын чадвар, мэдлэг муу гэх шүүмжлэл нэг талаар үүнтэй
холбоотой болов уу. Мэдээж чадвартай, мэдлэгтэй сайн эмч нурж унах
шахсан байшинд өдөртөө л мянга гаруй хүнд үйлчилж, дээр нь ажлын хөлсөнд
цөөхөн хэдэн төгрөг аваад сууж байхыг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ
мэргэжилдээ үнэнч, амьдрал нь хүрэлцэхгүй байсан ч тэвчсээр яваа олон
сайн эмч өрхийн эмнэлэгт өнөөг хүртэл ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй.
“Хүүхдэдээ ямар амин дэм уулгах вэ” гэсэн асуултын хариуг “Эм зүйн
жагсаалт” номноос хайдаг өрхийн эмч нар цөөнгүй байгаа цагт өрхийн
эмнэлгийн нэр хүнд хэзээ ч сэргэхгүй. Өрхийн эмнэлгийн хүртээмж, чанарыг
сайжруулахын тулд сайн боловсон хүчин ажиллуулах нь зүйн хэрэг. Гэтэл
эмч болохоор бэлтгэгдэж байгаа ямар ч боловсон хүчин бага үнэлгээтэй их
ажилд насаараа зүтгэнэ гэдэг худлаа.
Тэгэхээр олон жил ажилласан дадлага туршлагаараа хэнээс ч дутахгүй сайн
эмч нарыгаа авч үлдэхийн тулд цалин хөлсийг нь адилхан нэмэх хэрэгтэй.
Ингэснийхээ дараа шаардлагаа тавиад эмнэлгийнхээ үйлчилгээг санаандаа
хүртэл авч болно.
Э.Майцэцэг
"Нийгмийн толь" сонин