Австрали нүүрсний олборлолтод 30 хувийн татвар ногдуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Австрали нүүрсний олборлолтод 30 хувийн татвар ногдуулна

Австралийн Сенат нүүрс болон төмрийн хүдрийн олборлогчдод 30 хувийн татвар ногдуулах тухай хууль баталлаа. Хятад, Энэтхэгт түүхий эдийн эрэлт их нэмэгдэж буй энэ үед Австрали уул уурхайн олборлолтоос олох ашгаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхлэх татварын шинэ хуулийн дагуу Австрали тус улсад олборлолт явуулж буй “BHP Billiton”, “Rio Tinto” болон “Xstrata” зэрэг компаниудаас нийт 12 тэрбумын татвар авах юм байна.

“Sydney Morning Herald” сонинд татварын шинэ хуулийг баталсан нь Ерөнхий сайд Жулиа Гилард, түүний Засгийн газрын гавьяа гэнэ. Австралийн экс-Ерөнхий сайд Кевин Рудд олборлогчдод 40 хувийн татвар ноогдуулах санал оруулсан нь уул уурхайн компаниудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч огцроход хүргэсэн билээ. Австралийн уул уурхай, олборлолтын компаниудын холбоо татварын шинэ хуулийг эсэргүүцэж байгаа гэнэ. Тус холбооны  гүйцэтгэх захирал татварын шинэ хуулийг жижиг дунд уурхайчдын хувьд дээрэм гэж үзжээ. Нөгөө талаар татварын шинэ хууль уул уурхайн олборлолтын зөвшөөрөл авах, захиргааны хэрэг дэх хүнд суртлыг улам нэмэгдүүлэх аж.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж