Тэрбээр “БНСУ Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх эрх олгох тодорхой хэсгийг эзэмшихийг хүсч байна” гэжээ. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчийн тендерт урьдчилсан байдлаар шалгарсан ОХУ-Япон-БНСУ-ын хамтарсан консорциум Монголын Засгийн газраас олгосон 36 хувийг хэтэрхий бага хувь гэж чамлаж байгаа аж.
Өмнөд Солонгосын консорциум төслийн эзэмшлийн хувиа нэмэгдүүлэхээр ирэх зургадугаар сард болох парламентын сонгуулийн үр дүнг хүлээж байгаа гэнэ. Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийг сонгох тендерийн эцсийн шалгаруулалт олон удаа хойшлогдсон билээ.
Монголын Засгийн газар өнгөрсөн долдугаар сард стратегийн хөрөнгө оруулагчийг нэрлэсэн боловч хөрш ОХУ, Хятадад давуу эрх олгосон нь Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдад таалагдаагүй юм.
Монголын Засгийн газар Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчаар урьдчилсан байдлаар Хятадын Шинхуа группэд 40 хувь, Монгол-ОХУ-ын хамтарсан группэд 36 хувь, АНУ-ын “Пибоди Энержи”-д 24 хувийн эрх олгосон юм. Дээрх шийдвэр нь ОХУ-ын Төмөр зам компани-Япон-Өмнөд Солонгосын консорциумд нэгдсэн Өмнөд Солонгос, Японы компаниудад том цохилт болсон аж.
Өмнөд Солонгосын консорциум гэдэгт тус улсын төрийн өмчит “Korea Resources”, “Korea Electric Power”, төмөрлөгийн корпораци “Posco”, “Daewoo International” , “LG International” зэрэг корпорациуд нэгдсэн байна.