Нийслэлийн есөн дүүрэгт цэвэрлэгээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн есөн дүүрэгт цэвэрлэгээ эхэллээ

Хавар болж цас ханзрахтай зэрэгцэн Улаанбаатар хотын өнгө үзэмжид анхаарч эхэллээ. Нийслэлийн есөн дүүрэгт хур хог зайлуулах, цэвэрлэгээ хийх их ажил ид өрнөж байна. Сар шинийн баяраар нийслэлийн 80 орчим хувийг цэвэрлэсэн ч түүнээс хойш хог их хуримтлагдах болсныг цэвэрлэх их ажил эхлээд байна. Нийслэлийн есөн дүүрэг гаргасан хуваарийн дагуу хог ачилт хийж байгаа ч, хогны машины хүрэлцээ муу, тээвэрлэлтийн эргэлтийн хугацаа урт байгаа нь хог хуримтлагдах нөхцөл болж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтийн дарга Л.Баатарцогт хэллээ. Орон сууцны хорооллуудын хогийг цэвэрлэхдээ 14 хоногт, гэр хорооллынхныг 30 хоногт рейс хийж байгаа нь хур хог хуримтлагдах шалтгаан болж байгаа юм байна. 

“Зөв менежмент хийж зохицуулах ёстой. Ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж суух нь  зохимжгүй. Хавар болж байгаа учраас ямар нэгэн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах үүднээс цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх нь зөв. Ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, хог цэвэрлэгээг эрчимжүүлэх Нарангийн энгэрт өдөрт буулгаж байгаа хог асгалтын мэдээллийг өдөрт нэг удаа бус өдрийн 12,00, үдийн 17,00 цагт тус тус авч бай. Тэгэхдээ хэдий хэмжээний хогийг хаанаас ачсан, байршилтай нь талбайн хэмжээтэй нь гаргахыг” хотын удирдлагууд үүрэг болголоо.

Түүнчлэн  дүүрэг бүрт хог цэвэрлэгээ хийж байгаа ажлыг эзэнжүүлж, мэдээллийг илүү бодитой, хамгийн гол нь үр дүнтэй байлгахыг мөн даалгасан юм. Нарангийн энгэрт өдөрт 1500 тонн хог хаягдал буулгаж булдаг ч өдөр ирэх тусам хогны хэмжээ нэмэгдэж байгаа болохоор цаг алдалгүй ажиллах, хариуцлагатай байхыг ч сануулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж