Энэ талаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяраас тодрууллаа.
-Танайх Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа гэсэн. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг яагаад үндэслэлгүй гэж үзэх болов?
-Тийм ээ. Манайх шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ тус зөвлөлийн бүх шийдвэрийг нь буруутгаагүй шүү дээ. Харин хэвлэлийн төлөөлөгч, бичиг хэрэг, гомдол хүлээн авах ажилтнуудаас гадна мөрдөн байцаагчдаас авсан шалгалтыг үндэслэлгүй байна гэсэн. Харин бид зохих журмын дагуу, авах ёстой шалгалтаа л авсан. Захиргааны хэргийн шүүх эцсийн шийдвэрийг гаргах байх.
Дээрх есөн ажилтны нэг нь өргөдлөө татаж авсан байна. Одоо найм нь үлдээд байгаа аж. Тэгвэл Төрийн албаны зөвлөл яагаад найман ажилтныг бүгдийг нь хамгаалахгүй, зөвхөн тавыг нь ажилд эргүүлж авах талаар шийдвэр гаргасан юм бол. Үүнийг Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэлхамаас лавлалаа.
-Танай зөвлөлөөс АТГ-ын найман ажилтны гомдлыг хүлээн авч хэлэлцсэн гэсэн. Харин таван ажилтныг ажилд нь буцаан оруулах талаар хариу шийдвэр хүргүүлсэн байна лээ. Яагаад таван ажилтан гэж. Үлдсэн гурав нь яах болж байна вэ?
-Манайхаас гаргах ёстой шийдвэрээ гаргасан. Яагаад таван мөрдөн байцаагчийг ажилд нь оруул гэсэн юм бэ гэхээр УИХ-аас баталсан ажлын орон тоонд мөрдөн байцаагч гэж бий. Харин хэвлэл мэдээллийн ажилтан, бичиг хэрэг, гомдол хүлээн авагч ажилтныг тухайн байгууллага өөрөө ийм орон тоо байх үгүйг нь шийдэж болно. Мөн тэдгээр мөрдөн байцаагчдаас авсан тестийн аргачлал нь буруу, хуульд нийцээгүй гэсэн хариу шийдвэр хүргүүлсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт АТГ-аас манай шийдвэрийг эсэргүүцэж гомдол ирүүлсэн байна лээ.
Ямартай ч энэ хоёр байгууллагын нэг нь гомдол гаргагч халагдсан ажилчдын талд, нөгөө нь шийдвэрийг эсэргүүцсэн байр суурьтай байна. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг захиргааны өмнөх шүүх гэдэг. Төрийн байгууллагад ямарваа нэг гомдол, гарвал эхлээд энэ байгууллагад хандах учиртай. Харин уг зөвлөлийн гаргасан шийдвэрийг тухайн гомдол гаргагч, хариуцагч талууд хүлээн зөвшөөрвөл заавал дагаж мөрддөг байна. Харин Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл цааш нь Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байдаг юм.
Дашрамд дурьдахад төрийн албанд ажиллаж байсан иргэд ажлаас халагдсан тохиолдолд дахин төрийн байгууллагад ажиллах, өөр албанд томилогдох эрхгүй. Энэ нь наанадаж зургаан сарын хугацаатай байдаг. Учир нь төрийн нууцыг задруулах аюултай гэж үздэг байна. Энэ талаар албаны хүнээс асуухад “Халагдсан, ажлаас чөлөөлөгдсөн гэх ойлголт өөр өөр. Халагдсан тохиолдолд төрийн албанд эргэж ажиллах нөхцөл үүсэхгүй байх магадлалтай. Харин чөлөөлөгдсөн тохиолдолд өөр ажилд шилжих боломжой” гэлээ. Түүнчлэн халагдсан ажилчидтай холбогдоход нэрээ нууцлахыг хүссэн нэг нь “Бид үнэхээр гомдолтой байна. Ажлын ямар ч зөрчил гаргаагүй байхад зөвхөн ганц удаагийн тестээр ажлаас халдаг нь үндэслэлгүй. Ямар ч байсан шүүх шийдэх байх” гэсэн юм.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин