К.Лагард: Би Еврод санаа зовохгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

К.Лагард: Би Еврод санаа зовохгүй байна

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагардын “ABC” телевизэд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэе.

-Грекийн эдийн засаг хэвийн байдалдаа эргэн орох уу?

-Грекчүүдэд хийх ёстой хэдхэн зүйл байгаа. Юун түрүүнд, Олон улсын валютын сангаас хэрэгжүүлж буй бодлогыг Грекийн Засгийн газар болон ард түмэн дэмжих ёстой. Энэ бол хэн, хэнийх нь эрх ашгийг хөндсөн, уян хатан байхыг шаардсан тийм бодлого. Гэхдээ бүгдийн дэмжлэгийг авч байж үр дүнд хүрнэ. Тиймээс эдийн засгаа сайжруулъя гэж байгаа бол Грекийн улстөрчид болон олон нийтийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Түүнээс гадна томоохон шинэчлэл хийх хэрэгтэй. Грекийн хөдөлмөрийн зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг бүхэлд нь шинэчилж гэмээнэ Грек улс өрсөлдөх чадвартай болж, иргэд нь ажилд орж чадна. Тус улсад тавьж буй гурав дахь шаардлага бол Грекийн эрхийн баригчдыг санхүүгээ сайн хянаж чаддаг болгох. Олон жилийн турш Грекийн төсвийн алдагдал маш өндөр гарсаар ирсэн. Яг өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал нь до­тоодын нийт бүтээгдэхүүний 160 хувьтай тэнцэж байна. Энэ бол сан­хүүгийн хяналтаа чангатгах хэрэг­тэйг нотлох хангалттай нотолгоо.

-Та Грек дэх цалингийн доод хэмжээг 22 хувиар бууруулахыг шаардсан. Холбогдох албаны хүмүүс нь энэ тухай хэлэлцээд “Хэрэв цалинг бууруулбал тат­вараа бас хөнгөлөх ёстой” гэж үзсэн. Хэрэв тэгвэл Грекийн эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрах уу?

-Бид Грекийн эдийн засгийг нэлээд удаан хугацааны турш судалсан. Түүнд үндэслээд хэлэ­хэд грекчүүдээс татвар авах өч төчнөөн боломж бий. Түүнээс гад­на грекчүүдийн цалингийн доод хэмжээ португальчуудынхаас 50 хувь, Испанийнхнаас 17 хувиар өн­дөр байна. Сүүлийн хэдэн жилийн турш энэ зөрүү ихэссэн үү гэхээс буураагүй. Гэтэл Грект хэрэглээ, татварын орлого нь бага хэвээр байгаа. Ийм үед энэ улсын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ. Миний санал болгож байгаагаар бол хөдөлмөрийн зах зээлийг нь юун түрүүнд шинэчлэх ёстой.

-Грекийн эрх баригчид энэ хуулийг баталлаа гэж бодъё. Грекчүүд сард 580 еврогийн цалин аваад эхэлбэл эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах мөнгө нь ч бас багасна. Энэ бүхнээс болж олон нийтийг хамарсан эмх замбараагүй бий болох вий гэхээс та айхгүй байна уу?

-Тэгж болгоомжилж байгаа учраас Олон улсын валютын сан­гийн бодлогыг хүн бүр ойлгож, дэмжих ёстой гэж хэлээд байгаа юм. Хэрэв эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулъя гэж бодож байгаа л юм бол Грекийн эрх баригчид төдийгүй иргэд нь иймэрхүү хүнд сорилтыг давах ёстой. Энэ хэцүү гэдгийг би ойлгож байна. Гэхдээ Португаль, Испанийнхтай харьцуулахад грек­чүүдийн цалингийн доод  хэмжээ маш өндөр гэдгийг дээр дурьдсан. Тэгэхээр сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал яагаад огцом ихэссэнийг ойлгож болохоор байна.

-Гэхдээ иймэрхүү огцом өөрч­лөлтөөс болж хувьсгал ч гарч болох юм биш үү?

-Сүүлийн хоёр жилийн турш энэ тухай хэлэлцүүлэг, маргаан олонтаа өрнөсөн. Европын холбоо, Олон улсын валютын сан Грект тусламж үзүүлдэг болсноос хойш гэх үү дээ. Ийм үед Олон улсын валютын сан Грекийн эрх баригчдыг санхүүгийн хяналтаа чангатгахыг шаардах нь зүйн хэрэг. Гэтэл энэ бүхнийг шийдэж чадахгүй хугацаа алдсаар байх хооронд жирийн иргэд нь ажлаа алдсаар байна. Тэд ажилтай болохыг хүсч байна. Үнэхээр ажлын байр олноор бий болбол Грекийн эдийн засгийн өрсөлдөх чадвар ч сайжирна. Тэгж байж эргэж хөл дээрээ босно. Тиймээс зарим өөрчлөлтийг заавал  хийх ёстой.

-Хэрэв Грек евро хэрэглэдэг­гүй, өөрийн гэсэн мөнгөн тэм­дэгттэй байсан бол түүнийх нь хөрвөх чадвар хэр муудах байсан бол. Магадгүй Евро бүсийн хэмжээнд үүссэн хямралын эх суурийг тавихгүй ч байх байв уу?

-Болоогүй зүйлийг бодох шаардлагагүй байх. Ирланд, Латви зэрэг эдийн засагтаа шинэлчлэх хийж, улс орноо аврахыг  хичээж буй орнуудын жишээг харж болно. Евро бүсэд багтаж л байгаа бол Ирланд, Грек, Португаль аль нь ч бай хамаагүй эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг сайжруулах боломжтой. Үүнийг хөдөлмөрийн зах зээлээрээ дамжуулан хийнэ. Энэ бол валютын бодлогын түвшинд яригдах асуудал биш.

-Хэрэв Грек дампуурлаа зар­лавал евро ч бас сүйрнэ. Тийм учраас олон хүн Грекийг аврахын төлөө шаргуу хичээж байна уу?

-Евро бүсийн хэмжээнд хэ­рэглэгддэг хүчтэй, нөлөөтэй валют сүйрнэ гэж бид бодохгүй байна. Тиймээс үүнд санаа зовохгүй бай­гаа. Еврог ам.доллартай харь­цуулаад үзэхэд ч тийм. Еврог зах зээлд гаргаснаас хойш 10 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Евро бү­сийн хүчирхэг, нэгдмэл байдлыг хангаж чадсан гол зүйл нь энэ мөнгөн тэмдэгт. Евро бүс нэг цул болж чадсан.

-2011 он нэлээд хүндхэн жил байсан. Таны хувьд энэ нь зөвхөн улс төрийн асуудал байв уу. Аль эсвэл эдийн засагт хамаатай өөрчлөлт үү?

-Өнгөрсөн жил маш хүнд байсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Дэлхийн санхүүгийн хямралын дараах жил буюу 2009 он мөн л тийм байсан. Харин 2011 оны хоёрдугаар хагаст олон орны гадаад өр хэрээс хэтэрч, улмаас 2009 оны хямралаас бүрэн сэргэж чадаагүй байгаа дэлхийн улс орнуудад нөлөөлж эхэлсэн. Магадгүй Евро бүсийн орнууд санхүүгийн хувьд нэгдмэл байсан нь ийм нөхцөл байдал үүсэхэд хүргэсэн байх. Гэхдээ одоо энэ бүхнийг цэгцэлж, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалж үлдэхийн тулд ажиллах ёстой гэдэг нь илэрхий байна.

-Гэхдээ АНУ-ын өр дээд хяз­гаартаа тулах үед улстөрчид нь төсвийн алдагдлаа танахын оронд авч болох зээлийнхээ хэмжээг нэмсэн. Евро бүсийн олон оронд эрх баригч нам нь ард түмнийхээ саналыг алдахгүйн тулд мөн л иймэрхүү шийдвэр гаргасан. Тэ­гэхээр асуудлын гол нь улс төрд байгаа юм биш үү?

-Мэдээж хэрэг, улс төрийн шалтгаан хэзээд байсаар ирсэн. Хэрэв чи улс төрийн шийдвэр гар­гах эрх мэдэлтэй бол ажлын байр шинээр бий болгох, эдийн засгийн асуудлаа цэгцлэж чадна. Гэхдээ ямар арга хэрэглэх вэ гэдгийг бодож боловсруулдаг нь улстөрчид. Бид тийм л дэлхий дээр амьдарч байна шүү дээ.

-Та ирээдүйдээ итгэлтэй байна уу?

-Бүх зүйл сайхан болно гэдэгт найдаж байна. Тийм ээ, итгэлтэй байна.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж