”Хоёр сонгуулийг зэрэг хийвэл МАН-д ашиггүй”

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

”Хоёр сонгуулийг зэрэг хийвэл МАН-д ашиггүй”

УИХ-ын гишүүн П.Алтангэрэлтэй ярилцлаа. 

-УИХ-ын намрын чуулганаар Боловсролын тухай хуулийг батлах байсан ч туслах ажилтнуудад олгох урамшуулалтай холбоотой саналыг хэн татав гэдгээс эхлээд маргаан үүсч, төслийг хаврын чуулган руу шилжүүлсэн. Харин та тухайн үед эзгүй байсан учраас урамшуулал олгох заалтыг төсөл санаачлагч П.Алтангэрэл гишүүн татуулав уу, эсвэл өөр гишүүн татуулсан уу гэдэг эзэн олдоогүй. Саналыг хэн татсан байсан бэ. Тантай зөвлөсөн байсан уу?

-Санаж байгаа бол УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр яг энэ урамшуулалтай холбоотойгоор маргаан гарч байсан. Хуулийн төсөлд анхнаасаа “Сургууль, цэцэрлэгийн туслах ажилтныг багш нарын нэгэн адил урамшуулал болоод тэтгэмжид хамруулна” гэсэн заалт оруулсан байсан. Гэтэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед энэ заалт хасагдаж орж ирсэн.  Тэр үед нь би Д.Оюунхорол гишүүнээс асуусан. Ажилчдад урамшуулал олгох тухай заалтыг үнэхээр хэн нэг гишүүн хасчихаад байгаа юм уу, эсвэл танай МАН-ын бүлэг хасчихаад байна уу гэдэгт тодорхой хариулт өг гэж нэлээн маргаан үүсгэж байгаад дахиж санал гаргаад, энэ заалтыг буцааж хуучнаар нь үлдээх шийдвэрт хүрсэн. Байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн гэсэн үг л дээ. Харин дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед миний энэ саналыг татлаа гэдэг юмыг яриад, буцаагаад авчихсан байна лээ. Гэвч энэ саналыг татах талаар Нийгмийн бодлогын байнгын хорооноос  юм уу,  хэн нэг гишүүн надаас асууж,  ярилцаагүй. Хэрвээ саналыг татахдаа тулбал би л татах учиртай.  Санал гаргагч албан ёсоор татаагүй нөхцөлд тэр санал чуулганы нэгдсэн хуралдаанаар хураагдаад явах ёстой. Ингэж эзгүйчилж болохгүй л дээ. Тийм учраас Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга дээр орж, “Миний саналыг ямар учир шалтгааны улмаас татсан бэ, юу болсон бэ” гэдгийг асууж, тодруулна. Хаврын чуулган эхлэхэд энэ саналаа буцааж оруулна гэж бодож байгаа.

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга А.Тлейхан “Ажлын хэсгийн төвшинд татсан” гэдэг тайлбар хийсэн. Гэвч ажлын хэсэг хуралдаагүй байдаг. Ер нь гишүүд ордныхоо коридорт тааралдаад ч юм уу эсвэл өрөөндөө уулзаж байгаад“Тэр саналыг татчихъя” гээд тохиролцчидхог болчихоо юм болов уу?

-Ийм тохиолдлоор санал татах юм бол хууль бусад тооцогдоно. УИХ-ын гишүүний гаргасан саналыг өөртэй нь ярихгүйгээр хэн нэгэн татах боломжгүй, тийм хууль эрх зүйн үндэс ч байхгүй. Хэрвээ ажлын хэсгийн төвшинд энэ асуудал яригдсан бол намайг дуудах ёстой. “За одоо энэ саналыг яах вэ, ийм ийм шаардлага байгаа учраас энэ саналыг татаад хуулиа батлачимаар байна” гэсэн бол өөр хэрэг шүү дээ. Гэтэл надтай зөвшилцсөн юмгүйгээр санал татсан учраас гарцаагүй хууль зөрчөөд байгаа юм. 

-Хаврын чуулган эхлэхэд энэ асуудлыг дахиж байранд нь тавина гэдэг зүйлийг та хэллээ. УИХ-ын гишүүд харин дэмжихгүй саналыг унагачихвал яах вэ?

-Би хувьдаа Боловсролын тухай хуульд энэ заалт буцаад үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл бүхий л гишүүдийг тойрогтоо очоод ажиллахад тавьдаг санал бол энэ. Чухамдаа бол сургууль, цэцэрлэгийн тогооч, галч, манаач, цэвэрлэгч, мужаан чинь цаг наргүй хөдөлмөрлөж боловсролын салбарын хамаг л хүнд хүчир ажлыг нь нугалдаг хүмүүс шүү дээ. Хөдөөгийн сумын сургуульд 30 жил тасралтгүй сургуулийн тогооч хийж байгаа хүмүүс байна. Өглөөний 05.00 цагаас эхлээд өдөржин ажиллана. Хөдөлмөрийн нөхцөл нь маш хүнд. Халуун тогооны дэргэд өдөржин “шарагдана”, дээр нь өдөржин зогсож ажлаа хийнэ. 30 жил ажиллахдаа улсаас ганц ч удаа урамшуулал тэтгэмж авсан юм байдаггүй, мөрөөрөө л ажлаа хийцгээнэ, ажлын төлөө төрсөн хүмүүс байдаг юм шүү дээ. Тийм болохоор боловсролын салбар дахь туслах ажилтнууд бол багш нарын нэгэн адил сургалтын үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангаж ажиллаж байгаа улсууд учраас сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч болохоор нь урамшуулал, тэтгэмжид хамруулчихъя, ажилчид нь цалингаараа л амьдраг гээд ялгаварлаж болохгүй. Гишүүн бүхэн үүнийг ойлгож байгаа. Нэгэнтээ гишүүн бүхний өмнө тавигддаг зовлон, гарцаагүй нийгмийн зүгээс шаардаж байгаа асуудал юм чинь УИХ-ын чуулган дээр дэмжигдэнэ л гэж боддог.

-Гэхдээ Боловсролын сайд бол “Ажилчдад олгох урамшууллыг дараа нь жичид нь оруулж ирнэ” гэх юм билээ. Энэ тохиолдолд жинхэнэ асуудал хойш тавигдаж мартагдана биз, ингэж хардах хэсэг ч бас байна?

-Би мөн адил ингэж хардаж байгаа. Жич оруулж ирье гэж хэлээд мартуулна. Тийм учраас УИХ-аас нэгэнт Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа үед л туслах ажилчдад урамшуулал тэтгэмж олгох заалтаа тусгаад нэгмөсөн батлаад гаргахад ямар ч асуудал байхгүй.

-Ээлжит бус чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлах байсан ч хоёр бүлэг ойлголцолд хүрч чадалгүй бас л хаврын чуулган руу шилжүүллээ. Цаашид яах бол. Хоёр сонгууль зэрэг явах болов уу?

-Яах бол гэж толгой өвтгөөд байх юм ерөөсөө байхгүй ш дээ. Тэртэй тэргүй 2008 онд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулна гэдэг хууль байна, хуулиа л хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх л гэж баталдаг юм байгаа биз дээ.

-Тэгэхдээ нөгөө цаг хугацааны хувьд ч юм уу зөрчилтэй асуудлууд нэлээд бий. Энэ чинь бас хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулахгүй байх шалтгаан болчихоод байгаа юм биш үү?

-Хоёр намын бүлэг ойлголцчиход жижигхэн л юм байгаа юм  ш дээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд заасан зургаан сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт зохион байгуулна гэдгийг лхагва гариг болгоод, 22.00 цагаас хаахыг 20.00 цаг хаахаар болгоод, бусад заалт нь УИХ-ын сонгуулийн заалт орон нутгийн сонгуулийн заалтад хэвээр үйлчилнэ гэсэн ганц үг нэмээд болчихож байгаа асуудал байхгүй юу.

-Таны нүдээр харахад ч амархан л байх шиг. Гэвч хоёр намын бүлэг ойлголцохгүй л байна шүү дээ. Дээр нь сонгогчдоос “Орон нутгийнхаа төлөөллийг, УИХ-ынхаа төлөөллийг нэгэн зэрэг сонгох бололцоо байна уу” гэж асуухаар “50-60 хүнээс сонголт хийх юм гэнэ лээ, түүнийг нэгбүрчлэн хараад сонголт хийх бололцоо байхгүй. УИХ-ын гишүүд сонгогчдыг өндөр боловсролтой гэж ойлгоод байна. Үнэндээ нэр дэвшигчдийн нэрийг уншиж мэдэхгүй сонгогч ч зөндөө шүү дээ” гэх юм байна шүү дээ?

-Тэгж ойлгуулаад байгаа, энэнд боловсрол ямар ч шаардлага байхгүй. АНУ-аас авч байгаа машинаар саналын хуудсыг тоолно. Энэ машинаар Америк, Орос сонгуулиа хийдэг. Америк бол нэг дор 16-17 хүний сонголт хийдэг, Орос бол мөн адилхан 10 гаруй сонголт хийдэг. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар сонголт хамт хийсэн. Монгол Улсын хувьд 6-7 сонголт хийнэ. Монголчуудын хувьд 2000 оноос хойш сонгууль өгөөд сурчихсан, хүн амынх нь 97-98 хувь нь бичиг үсэгт тайлагдчихсан. Тийм учраас сонгуулийг хамт явуулахад техникийн шалтгаан байхгүй. Харин хоёр сонгуулийг яагаад хамт явуулна, явуулахгүй гээд байна вэ гэхээр Орон нутгийн сонгуулийг хамт явуулчихвал МАН-д ашиггүй байдал үүсэх гээд байгаа учраас л ийм юм яриад байна уу даа гэж бодож байгаа. Манай намд ашигтай юу, ашиггүй юу гэдэг талаас нь харж л яриад байгаа болохоос биш будилна болохгүй, бэрхшээл үүснэ гэдэг юм байхгүй. Манайх чинь урьд нь гурваас дөрвөн сонгуулийг хамт явуулж байсан туршлага бий шүү. Тэгэхээр ерөөсөө 5-6 хүний нэрийг дугуйлах л асуудал юм шүү дээ, уг нь бол

-Шинэ хуулийн хүрээнд ажиллахад ямаршуу байна вэ. Бэлэг сэлт, мөнгө төгрөг тарааж болохгүй, урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулж ивээн тэтгэж болохгүй гээд л… Хэцүү байх юм уу, хэтэрхий чангадаад?

-Сонгуулийг шударга зохион байгуулъя гэвэл хариуцлага нь чанга л байх ёстой. Энэ хууль бол чанга хууль, хамгийн гол нь хэрэгжүүлэх л ёстой. Зөрчиж болохгүй. Одоо бол янз бүрийн байдлаар хууль зөрчсөн, хуулийн цоорхойг ашигласан янз бүрийн юмнууд орон нутагт явж л байна, ажиглаж л байна, тэрийг. Ер нь бид сонгуулийнхаа хуулийг их чангатгаж, хариуцлагыг нь чанга тооцож, их шударга хийхийн төлөө хаа хаанаа анхаарал сайн тавьж хуулиа хэрэгжүүлэхийн төлөө ажиллах юм бол сонгууль маань шударга сайхан л болно шүү дээ. Алийн болгон ард түмнийг хуурдаг, мэхэлдэг худалдаж авдаг, мөнгө цаас тараадаг байдлаар Монгол Улс сонгуулиа хийх юм бэ? Тэр юмнаасаа үнэндээ ангижирмаар байна ш дээ, тэгэхийн тулд энэ хууль тэр чиглэлд ихээхэн хувь нэмэр оруулах хууль. Би бол нэр дэвшихийг сонирхож байгаа нам эвсэл нэр дэвшигчдэд УИХ-ын сонгуулийн тухай хуулиа их сайхан шударгаар баримтлаач ээ, энэ чинь улс эх орны хувь заяаг шударга болгоход бидний өөрсдийн л оруулах хувь нэмэр юм шүү дээ. Тэгэхээр Сонгуулийн хуулиа их сайн уншаад судлаад баримтлаад сонгуульд ороосой л гэж бодож байгаа.

-Гэхдээ УИХ-ын Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр оччихоод байна. Ялангуяа намын нэрээр санал авах заалт Үндсэн хуулийн цэц хориг тавьж мэдэхээр байна гэх?

-Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаагүй байхад би тийм ийм гэж мэдэмхийрч яримааргүй байна. Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасны дараа бол өөрийнхөө санал бодлыг ярьж болох л юм.

-УИХ-ын гишүүдийн хувьд “Уначихаасай” гэж их хүсээд байгаа юм биш үү?

-Миний хувьд УИХ нэгэнт баталсан хуулиа хэрэгжүүлэх ёстой л гэж бодож байна. Ард түмэнд ойлгуулаад тайлбарлаад явж байхад нь дундаас нь дахиад битгий самууруулаад өөр чиглэлийн юм болгочихоосой баталсан хуулиа хэрэгжүүлээд яваасай л гэж бодож байна, тэр нь дээр. Тэгэхгүй дахиад нэг бужигнаан үүсээд нэр дэвшигчид самуураад, ард түмэн самуураад цаг хугацаа ч тулаад сонгууль сонгууль биш болох гээд нөгөө л нэг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн идэш ууш болоод бужигнаан үүсгээд битгий байгаасай. Батлагдсан хуулиа хэрэгжүүлээд яваасай л гэж бодож байна даа.

-Шударга сонгуулийн төлөө түр хорооноос Сонгуулийн ерөнхий хорооныхонг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулъя гэдэг мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн байгаа. Энэ асуудалд таны хувийн байр суурь ямар байгаа вэ?

-Ямар үндэслэлээр тэгж байна вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Ямар ч үндэслэлгүйгээр хардаж сэрдэх байдлаар хандах юм бол тун тохиромжгүй. Энэ хөдөлгөөнүүдийн ,иргэдийн бусад нам хүчнүүдийн хэлж ярьж байгаад Сонгуулийн ерөнхий хороо анализ дүгнэлт хийж, бүх ажлаа чамбайруулах л хэрэгтэй. Түүнээс Сонгуулийн ерөнхий хороог дахин шинээр байгуулахад сонгууль үр дүнтэй зохион байгуулагдчихна гэхэд итгэхгүй л байна. Ер нь бол сонгууль гэдэг сонин ш дээ. Ялагдсан хүн бүр гомдолтой байдаг, маргаангүй сонгууль гэж байдаггүй юм. Яагаад гэвэл хоёр хүн үзэж тарж байгаад нэг нь ялагдахад заавал гомдолтой л байдаг биз дээ. Тэгэхээр тэрийг нь хууль зүйн дагуу зөв шийдвэрлэдэг зөв зохион байгуулдаг байх хэрэгтэй. Ялагдагч бүхэн гомддог, ялагдагч бүхэн гомдлоо ямар нэг байдлаар илэрхийлдэг.

-Түр хорооныхны зүгээс тавьж байгаа шаардлага бол “Улстөрийн хоёр том хүчнээс Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг тус бүр хашиж байгаа нөхцөлд энэ хоёр нам л ирэх сонгуульд олонхи болно. Бусад жижиг намуудаас нэр дэвшигчид сонгууль ялж гарч ирэхгүй гэдэг үндэслэл л хэлээд байгаа л даа?

-Сонгуулийн ерөнхий хороог өөрчилнө гэж байгаа бол хууль эрх зүйн орчинг өөрчлөх хэрэгтэй. Сонгуулийн ерөнхий хороонд ажиллаж байгаа хүмүүс одоо байгаа хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улс хууль зүйт нийгэмд амьдарч байгаа учраас хуулийн гадуур юм гэж байхгүй. Хэрвээ хоёр намаас сонгуулийн дараагаас дарга, нарийн бичгийн дарга нь бүрддэг хууль эрх зүйн орчин нь буруу байна гэж үзэж байгаа бол ямар байдлаар бүрдүүлэх ёстой юм, яах ёстой юм тэр эрх зүйн орчинг шинэчлэх тал дээр ажиллах ёстой. Тэрнээс шууд тэднийг огцруулах ёстой буруу байна гээд явах юм бол бүх юм хууль зүйн дагуу л явъя ш дээ. Хэрвээ ингэдэг нь буруу байна, хуулиа өөрчилье гэж байгаа бол нэг өөр хэрэг.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж