“Нийслэлчүүддээ гэнэтийн бэлэг барина”

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Нийслэлчүүддээ гэнэтийн бэлэг барина”

Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төслийг өнгөрсөн жилээс эхлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн ажил ямар шатанд яваа талаар ярилцахаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнайг “Ярилцах танхим”-даа урьсан юм.

 
-Сэлбэ голын урсацыг нэ­мэг­дүүлэх  төслийг нэг жи­лийн хугацаанд хэрэг­жүүл­лээ. Энэ хугацаанд юу хийж амжуулав?

-Бид өнгөрсөн жилээс эхлэн Сэлбэ голын урсацыг нэ­мэгдүүлэх төслийг хэрэг­жүүлж байна. Төслийн хүрээнд бид нийт 1.3 километр газрыг бүрэн тохижуулах ёстой. Харин эхний ээл­жинд 350 метр орчим газрыг тохи­жуулах төлөвлөгөөтөй ажил­лаж байна. Энэ ажлын гүй­цэтгэл нь одоогийн байд­лаар 70 орчим хувьтай бай­на. Төслийн хамрах хү­рээнд багтсан талбайн ойр орч­мыг тохижуулж, гэрэл­түү­лэг хийж, иргэдийг ая тух­тай амрах бололцоогоор хан­гах юм. Өөрөөр хэлбэл, иргэдийг голынхоо эргээр ал­хах бололцоотой болгох үүд­нээс ногоон байгууламж, цэ­цэр­лэгт хүрээлэнг хүртэл баг­таасан. Энэхүү аж­лыг ирэх зургаадугаар са­рын 1 гэхэд дуусгаад нийс­лэл­чүүддээ гэ­нэтийн бэлэг ба­рихаар зэхэж байна. Хэрэв зур­гаадугаар сарын 1-нд амжихгүй бол зургаадугаар сарын дундуур гэхэд эхний ээлжийн 350 метр талбай бүрэн тохижсон байх бол­но гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Эхний ээлжинд хүлээлгэж өгө­хөөр төлөвлөсөн 350 орчим мет­рийн тохижилтын ажил чухам аль нутаг дэвсгэрийг хамарч байгаа юм бэ?

-Энэ хүрээнд Их тойруугийн гүүр буюу бидний хэлж заншсанаар “100 айл”-ын гүүрнээс “Royal castle” хотхоны гүүр хүртэлх талбай ха­мрагдана. Дараагийн ээлжинд тохижилт хийх ёстой нэг километр орчим газар нь “Royal castle” хот­хоны гүүр орчмоос эхлээд Энхтайв­ны өргөн чөлөө буюу Арслантай гүүр хүртэлх газрыг хамрах юм. Бүр цаашлаад Арслантай гүүрээс ураг­шаа тохижуулах ёстой. Гэхдээ үүнийг хийхийн тулд хөрөнгийн асууд­лыг шийдэх ёстой.

-Төслийг хэрэгжүүлэхэд нийт хэч­нээн төгрөгний санхүүжилт хэ­рэг­тэй гэсэн тооцоо гаргасан юм бэ?

-Төслийг анх боловсруулахад нийт 1.3 километр газрыг тохи­жуу­­ла­хад 7.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн төсөв гарсан байгаа. Зарим орон яг ийм жишгээр хийж байгаа ажилтай харьцуулбал 30 дахин бага хөрөнгө зарцуулж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Гадны байгууллагууд уг төслийг хэрэгжүүлэх саналаа ирүү­лэхдээ маш өндөр үнэ санал болгосон. Харин дотоодын компаниуд дээрх үнийг санал болгосон юм.

-Ямар компаниуд уг ажлыг хийж гүйцэтгэж байгаа вэ?

-“Норбу”, “Шинэ газар” гэсэн ком­­паниуд гүйцэтгээд үнд­сэн­­дээ дуусаж байна. Үлдсэн нэг орчим километр газрыг тохижуулах аж­лын гүйцэтгэгчийг сонгон шалга­руулалтаар тодруулахаар тендер зар­ласан. Тиймээс өөр компа­ниуд ч нэмэгдэж магадгүй байгаа.

-Хөгжингүй орнуудын хийж буй ажлуудаас бага мөнгө зар­цуулж байгаа юм байж. Тэгвэл ча­на­рын хувьд ижилхэн байж ча­дах уу. Ямар улсын туршлага дээр үндэслэж байгаа вэ?

-Хөгжингүй орнуудын тохижил­тын ажилтай чанарын хувьд эн зэрэг­цэхүйц хийж байгаа. Манайх ОХУ-ын мэр­гэ­жилтнүүдийг урьж ажил­луулж байгаа учир энэ талаар нэг их санаа зовохгүй байна. Үүнээс гад­на манай мэргэжилтнүүд ч гэсэн ур чадварын хувьд дутахгүй гэж бодож байна. Олон орны нийслэл дундуур урсаж байгаа голыг газар дээр нь очиж судалж үзэж нэлээд туршлага хуримтлуулсан.

-Танай төслийн хүрээнд нийт 1.3 километр талбайг тохижуул­на гэсэн. Үлдсэн талбайг нь хэзээ­нээс тохижуулж эхлэх вэ. Сан­хүү­­жилтийн асуудлыг хэрхэн ший­дэх гэж байна. Эхний ээлжийн тохи­жил­тын санхүүжилтийг хэрхэн зо­хи­цуулсан юм бэ?

-Үлдсэн нэг орчим километр газрын санхүүжилтийн асуудлыг нийс­лэлийн төсвийн хөрөнгө оруу­лал­таар шийдэхээр төлөвлөсөн бай­гаа. Эхний ээлжийн 350 метр тал­байг нийт хоёр орчим тэрбум төг­рөгийн хөрөнгө оруулалтаар за­саж тохижуулсан байна. Уг мөн­гийг улсын төсвийн хөрөнгө оруу­лалт болон нийслэлийн төсвийн хө­рөнгө оруулалтаас гаргасан.  Энэ хүрээнд 21-26 метрийн өр­гөн­тэй голыг хотын төвөөр урсгах төлөв­лөгөөтэй ажилласан. Ямартай ч олон жил ярьсан энэ ажил Ерөн­хий сайд болон нийслэлийн удирд­лагуудын дэмжлэгтэйгээр хэ­рэг­жээд эхэлчихсэн. Манай ул­­сын урдаа барьдаг зураг төслийн байгууллагууд, гидрогеологи, усны чиг­лэлийн мэргэжилтнүүд зураг төс­лийг хийж, санаачилгыг нь залуучууд гаргаснаар энэхүү ажил эхэлсэн. Ер нь цаашид байгаль орчныг нөхөн сэргээх, голын ай савыг тохижуулах ажилд чамгүй их хөрөнгө мөнгө зар­цуулагдах төлөв ажиглагдаж бай­на. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж бай­гууллагууд байгаль орчныг сүйт­гэхээс урьдчилан сэргийлэх талаар бүх шатандаа анхаарч ажиллаасай гэж бодож байна. Аливаа асуудлыг үүсэхээс нь өмнө зохицуулж чадвал зар­цуулагдах хөрөнгө нь ч гэсэн, үйл ажил­лагаа ч гэсэн харьцангүй бага байх юм болов уу.

-“Сэлбэ голын хотын тө­вөөр урсаж байгаа хэсгийг л тохи­жуулаад орхих байх” гэж яриад байгаа. Зөвхөн тохижуулаад л ор­хих нь нэлээд өрөөсгөл юм билээ. Өөр ямар ажил хийж байгаа вэ?

-Сэлбэ голын нийт урт нь 35 километр юм билээ. Үүнийг бүтнээр нь засаж, тохижуулахад нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт шаард­лагатай. Гэхдээ энэ байдлаар бага, ба­гаар нь сэргээн тохижуулаад явах юм бол болохгүй гэх зүйлгүй. Бид­ний тохижуулж байгаа 1.3 километр газар бол ердөө л жишээ төдий зүйл. Цаашид Сэлбэ голыг ийм болгоно гэж жишээ маягаар үзүүлэх гэсэн ажил юм. Тиймээс нийслэлийн төсөвт жил бүр Сэлбэ голыг тохижуулах ажилд зориулсан санхүүжилтийг тусгаад явах байх. Агаарын чийгшилтэд гол чухал үүрэг гүйцэтгэдэг учир энэ асуудалд нийслэлээс анхаарлаа хан­дуулахаар болсон. Нөгөөтэйгүүр, хий­сэн ажлаа хамгаалах үүднээс “100 айл” орчимд үерийн уснаас хам­гаалсан байгууламжийг барих ажлыг мэргэжлийн байгууллагуудаар хийл­­гэх санаатай байгаа. Мөн го­лыг бо­хирдуулах хог шорооноос хам­гаа­лах цэвэрлэх байгууламжийг ч барихаар төлөвлөсөн. Ингэж байж голын урсацыг сэргээн, ойр орчмыг нь тохижуулах ажлыг цогцоор нь шийдэх юм. Тэгэхгүй бол бид­ний хийсэн ажил үр дүнгээ өгч чадахгүй шүү дээ. Нэгэнт л хийж бүтээсэн зүйлийг байнга хамгаалж, эзэнтэй байлгах асуудал тулгарч байгаа учир тохижилтоос гадна дээрх аж­луудыг хийхээр төлөвлөсөн. Мөн дүүргийн төсөлд жил бүр голыг хам­гаалах, арчлах зардлыг нь тусгах маягаар явахгүй бол хэдэн жилийн да­раа “эзэнгүй айл” шиг болчих вий гэсэн болгоомжлол байгаа учир бүх зүй­лийг дээрх байдлаар тооцоолсон.

-Төслийн гол зорилго нь голын урсацыг нэмэгдүүлэх гэсэн. Ямар аргаар урсацыг нь нэмэгдүүлэх юм бэ?

-Бид хөрсний усыг ашиглаж го­лын усны урсацыг нэмэгдүүлнэ гэж тоо­цоолсон. Гэхдээ тоо­цоолж байгаагаар хөрсний ус ашиг­лах­гүйгээр 150-180 метрийн зайтай хаалт тавьж болох юм гэж үзэж байгаа. Ингэснээр голын урсац нэмэгдэж, хэвийн хэмжээнд орох байх.

-Та бүхний тооцоолж байгаа­гаар голын урсац хэдэн хувиар нэ­мэгдэх шинжтэй байна. Хиймэл гол бий болгох уу?

-Мод тарих замаар хөрсний у­сыг барина гэдэг одоо хэцүү ажил болсон. Биднийг туршлага судалж явахад ихэнх орны хотын дундуур урсаж байгаа гол нь хиймэл байсан л даа. Үүний тулд голоо эргэх цикль маягаар урсгадаг юм билээ. Энэ арга ихээхэн зардал шаарддаг учир бид байгаа нөөц­дөө тулгуурлан урсацыг нь аль болох нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Та бүхний хийж буй ажил “100 айл” орчмоос эхэлж байгаа. Голын эх булингартай байвал та бүхний тө­сөл үр дүнгүй болох вий. Энэ асууд­лыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Бид голын эхийг хамгаалах ажлыг тогтмол хийж байгаа. Энэ хүрээнд тэнд мод тарьж байна. Ойр орчмынх нь 10 га газрыг хамгаалалтад авч төрийн бус байгууллага, мод үржүүлгийн га­зар­тай гэрээ байгуулан ажиллахаар тохирсон. Үүнээс гадна Сэлбэ голын ойр орчимд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шат дараалан хийх болно. Хэрэгжүүлж буй төслийнхөө үр дүнг үзэхээр олон ажил хийж байгаа учир бүтэмжтэй байна гэдэгт итгэлтэй байгаа.

-УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир “Туул, Сэлбэ голыг тохижуулж, хамгаалах” төсөл хэрэгжүүлэхээр болсон. Танай төсөл энэ төсөлтэй давхцаад байгаа юм биш үү?

-УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очи­рын санаачилсан төсөл Туул гол руу анхаарлаа түлхүү хандуулж байгаа юм билээ. Харин манайх бол Сэлбэ гол руу анхаарлаа түлхүү хандуулж бай­гаа учир давхцаагүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж