Цагдаа буруутай & буруугүй

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Цагдаа буруутай & буруугүй

Цагдаа буруутай

Нүдэнд харагддаггүй, нэг тийм чанга гараар нийгмийг “барьж” байдаг цагдаа нар сүүлдээ бүр цадигаа алдах янзтай. Цагдаатай цанхаархах хүчтэн өнөөдөр Монголд байхгүй. Гэлээ гэхдээ арай л дэндэж байгаа нь энэ биш үү. Дарга нартаа “хайртай” нь тэндээ л биз. Гэтэл шүүхийн байрны гадаа олон арваараа архайлдаж, ард түмнийг “заналхийлэх” аргаар үүнийгээ илэрхийлсэн нь хүмүүст таалагдаагүй. Тэд уг нь ийм арга хэрэглэж ард түмнээс оноо цуглуулахаар тооцсон байж болно. Үүнийг салбарын сайд, дарга нар нь сэдээд “Тэнд заавал очоорой” гэж үүрэгдсэн ч байж болно. Гэхдээ нийгэм хувьсан өөрчлөгдөж байгааг тэд яагаад бодолцсонгүй вэ. Цагдаа нар байтугай асар их туршлагажсан “мэргэжлийн” жагсагчид хүртэл ийм арга хэрэглэх нь үр дүнгүй болчихлоо гээд байгааг анзаараагүй юм байх даа. Монголчууд одоо хэр баргийн юмыг өрөвдөж, өхөөрдөж төв талбай руу гүйлдээд байхаа больчихсон. Хамгийн том сургамжийг 2008 оны долоодугаар сарын 1-нд авсан юм. Төрийн цагдааг нохой шиг зодож байгаа адгийн амьтдыг  тэр үед бүгд жигшсэн. Энэ хэрээр цагдаа нарыг өрөвдсөн. Гэтэл маргааш нь байдал эсрэгээрэ эргэсэн юм. Үймээнээс болж таван залуу буудуулж нас барсан гэдэг аймшигт мэдээ хүмүүсийг цочроосон. Энэ цочрол одоо ч арилаагүй байна. Тэгэхээр ард түмэн цагдаад дургүйдээ тэдний саяын үйлдлийг буруутгаад байгаа хэрэг биш байгаа биз. Анхнаасаа хүмүүсийн сэтгэлийг шархлуулсан, тэр нь одоо хүртэл аниагүй байгаа ийм зүйл дээр цагдаа нар сая дэндүү хөнгөн хуумгай хандлаа. Анхан шатны шүүхээс цагдаагийн байгууллагын экс дарга нарын гэм буруутай, үгүйг тогтоосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад л тэсэхгүй өнөөх дээрэлхүү зангаа гаргачихаж байгаа юм.  Тэдний “ачаар” дарга нар нь шүүхийн өмнө яллагдагч болж, даралт ихэсч, сахарын  өвчин нь сэдэрсэн байдалтайгаар шүүхийн танхимаас гарч ирсэн юм. Хэрэв цагдаагийн дарга нарыг биш, жирийн иргэдийг ингэж шүүхээр оруулсан бол тэд ийм  олуулаа шүүхийн гадаа ирэх байсан уу. Тэгэхээр “Цагдаад ажиллаж буй, ажиллаж байсан хүнд хууль үйлчилдэггүй байх ёстой “ гэсэн бичигдээгүй хуулийг энэ салбарынхан хүсэж байгаа юм байна. Үгүй гэж үү. Дарга нар нь буруугүй байсан ч гэсэн “Буруутай” юм шиг харагдуулах мэхийг тэд өөрсдөдөө хийлээ. Хараат бус шүүхийн өөдөөс нулимчихаад “Цагдаагийн засаглал” тогтоох гэсэн тэдний энэ үйлдэл эргээд хэнд гай тарих бол доо. Хүнд ачааг хүчтэй хүн л өргөдөг. Маргаангүй үнэн. Хэн хүссэн нь өргөж чаддаггүй. Тэр тусмаа ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө нүд цавчихгүй зүтгэхээ төрийн сүлдээрээ андгайлж тангарагласан цагдаа маань хүчтэй байх учиртай. Гэтэл цагдаа нар хэнд хүчээ зориулах “өр” тавьсныг сая ард түмэн харлаа. Бүр айлаа. Магадгүй тэднээр төрдөө бус дарга нарынхаа төлөө халуун амиа өгөхөд ч бэлэн гэдэг тангараг өргүүлдөг юм байна. Тийм учраас энэ их хүчтэнг хорьж тогтоох хэн ч байхгүй ийм үед ард түмэн нэг байтугайг  эргэцүүлж, дургүйцэхээс өөр яах билээ. Анхан шатны шүүхийн шүүгчдийг “айлгаж” байгаад дарга нараа гаргаад ирнэ гэж бодсон байх л даа. Гэтэл одоо хар. Институци хоорондын “дайн” болж хувирлаа. Ийм дажин байгаагүй гэж хэлж чадахгүй л дээ. Хөшигний ард цагдаа, шүүх, прокурорын байгууллагынхан байнга заамдалцаж авдаг гэдэг л юм билээ. Гэхдээ цагдаа нарын “заналхийллээс” болоод энэ бүхэн бүр ч цагаандаа гарлаа. Энэ л хамгийн аймшигтай. Салбар хоорондын ийм толхилцооноос аль ч тохиолдолд шударга шийдвэр гарах нь хэцүү. Цагдаа нар энэ хэрээр ард түмэнд уур, бяраа гаргаад эхлэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Тэд одоо ч тэгдэг. Ер нь тухайн төр, засгийн нүүр царайг цагдаагаас нь олж харж болдог гэдэг. Тэгвэл буу шийдэм барьж, хүчээр бүхнийг зохицуулах гэсэн цагдаатай улсууд өнөөдөр ямархуу байдалтай байгаа билээ дээ. Монголын ард түмэн ийм зүйл хүсэхгүй байна. Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлдэг. Цагдаа нь “цагаан гартан” байлаа гээд муудаагүй улс орны жишээ олон байна. Хэн нэгэн дарга даамлын төлөө бус иргэндээ шударгаар үйлчилдэг, хууль ёсоо дээдэлдэг, тийм л цагдаатай баймаар байгаа юм. Гэтэл одоо бүр ч “эвгүй” цагдаатай болж байгаа юм байна. Ардчилалаар дамжуулж иргэн бүртээ оготоны хамраас ч цус гаргалгүйгээр олгосон эрх, эрх чөлөөг ууртай, омогтой, бас буутай цагдаагаар “мануулна” гэдэг аймаар биш гэж үү.

Цагдаа буруугүй

Хэрэв Монгол Улс нэг ч цагдаагүй болбол яах вэ. Энэ үг зарим хүнд хэн нэгэн дарангуйлагчийн эрин үеийг эцэс болгохтой адил сонсогдох биз. Гэвч цагдаа, дарангуйлагч хоёрын хооронд хэр их ялгаа байна вэ. Мэдээж хэрэг, нэг нь төрд тангараг өргөсөн албан хаагч, харин нөгөө нь төрийн эрх мэдлээр далайлган сүрдүүлэгч. Цагдаа учирч болзошгүй аюулаас төр, иргэн хоёрыг ав адилхан хамгаалдаг бол дарангуйлагч эрх ашгийнхаа төлөө төрийг ч, иргэдийг ч золиослоход бэлэн байдаг. Дарангуйлагч нийгэмд “гал” асаачихаад өндөр сэнтийнхээ ард бултаж нуугддаг бол цагдаа тэрхүү “гал”-ыг унтраахын тулд амиа өгөхөөс ч буцдаггүй. Цагдаа, дарангуйлагч хоёрт энэ мэт олон ялгаа бий. Цагдаагүй улс болох, дарангуйллын нийгмийг эцэс болгохын наана, цаана ч эргэцүүлж бодох зүйл цөөнгүй. Харин Монголд цагдаагийнхны эсрэг сэтгэхүйн дажин хэдийнэ өрнөж эхэллээ. Шүүх, цагдаа хоёрын харилцан шүтэлцлийн гол учир шалтгаан юу юм бэ гэдэг нь ч ойлгомжгүй сэдэв мэт болов.

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа долоодугаар сарын 1-ний үймээн давтагдвал яана. Төр ч, иргэд ч ийм айдастай байна. Ерөөс нийгмээрээ айж байна. Харин энэ айдас иргэдийг үзэл бодлоор нь талцуулж орхив. Гэвч шүүх, цагдаа хоёрт ийн талцах эрх бий билүү. Үгүй. Хэрэг явдлын сэжүүрээс атгаж, худлыг шүүн үнэнийг төрд “тушаах” үүрэг тэдэнд бий. Тэр тусмаа шүүхийг цагдаагүйгээр, цагдааг шүүхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь шүүх, цагдаа хоёр үнэн, худлыг дэнслэн ялгах заяагдмал эрхтэй нэгэн амь билээ. Эдгээрийн нэг нь үгүй болбол энэ нийгмийг аюул, ослоос авран хамгаалах цайз нурна гэсэн үг. Долоодугаар сарын 1-ний үймээнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нарыг өнгөрсөн долоо хоногт шүүх хурлын үеэр тэр танхимд чухам юу болсныг хүмүүс санаж байгаа биз. Энэ үед иргэн, цагдаа хоёрын дунд биш, шүүх, цагдаа нарын хооронд багагүй толхилцоон үүссэн юм. Мэдээж хэрэг, цагдаагийн экс удирдлагуудыг буруутгах болсон гол шалтгаан нь галт зэвсэг хэрэглэж, дөрвөн хүний амийг хөнөөсөн явдал. Харамсалтай нь эцсийн үнэнийг хэн ч олоогүй байна. Тэр үдэш үймээнд оролцогсод, цагдаа нарын дунд мөргөлдөөн үүссэн бол энэ удаад шүүх, цагдаа хоёрын харилцан шүтэлцэлд ан цав гарлаа.

Цагдаа айдастай байна. “Хэрэв долоодугаар сарын 1-ний хэрэг явдал дахин болбол би хэнийг ч хамгаалахгүй” хэмээн тэр өөрөө өөртөө тангараглаж байна. “Тийм явдал дахин тохиолдлоо гэхэд, төрд тангараг өргөсөн би үүргээ гүйцэтгэлээ гэхэд эцэст нь буруутан болох юм байна. Шүүгдэгчийн ширээний ард сууж, ял сонсох юм байна” хэмээн цагдаа болгоомжилж байна. “Албаа нэр төртэй хаших биш, амин хувиа хичээх нь дээр” гэдэг бодол сэтгэл зүйг нь “дарамталж” эхэллээ. Өнгөрсөн хэрэг явдал ч тэдэнд айдас, гашуун сургамж үлдээжээ. Учир нь долоодугаар сарын 1-ний үймээний үеэр зөвхөн дөрвөн иргэн амиа алдаагүй юм. Олон хүн бэртэж, гэмтсэн нь ч бүгд жирийн иргэд биш. Тухайн үед үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн 532 албан хаагч хүнд, хөнгөн гэмтсэн. Тэр явдлын дараа  цагдаагийн 397 ажилтанд Засгийн газраас 753 мянгаас есөн сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгосон билээ. Гэвч албан үүргээ гүйцэтгэж яваад бэртсэн хоёр цагдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, зургаан хүн групп тогтоолгожээ. Харамсалтай биш гэж үү. Тэдний дунд амьдрал зохиож, айлын аав болоогүй нь ч бий. Галтай, цогтой залуу насандаа хөдөлмөр эрхлэх чадваргүй хүмүүсийн тоонд багтаж, халамжийн мөнгөөр ар гэрийнхнээ тэжээх болсон хүмүүс ч байна. Харин Ч.Амарболд тэргүүтэй хурандаа нараас гадна цагдаагийн 10 ажилтныг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Хэрэв нөхцөл байдал сунжирвал, цагдаа нарыг нийгмийн зүгээс “яллах” нь хэрээс хэтэрвэл Монголд цаг төр улам цөвүүн болно гэсэн үг. Эцсийн үнэн олдоогүй байхад төрийн мөрдэстнүүдийн зүг “чулуу” нүүлгэсэн хэвээр байвал тэр цагт иргэдийг хэн хамгаалах вэ. Хэрэв долоодугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаа үүргээ гүйцэтгэхээс татгалзсан бол юу болох байсныг дахин санацгаа. Ерөөс долоодугаар сарын 1-ний тэр үдшийг цагдаагүйгээр төсөөлөөд үз дээ. Магадгүй, зарим нь үүргээ гүйцэтгэсэн цагдаа нарыг өмөөрч суугаа л байх. Би ч гэсэн цагдааг өмөөрмөөр байна.      

Н.МӨНХТӨВШИН

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж