Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим
хүчний ганц нөөц нь нүүрс. Эрчим хүчний зориулалтаар ашиглах 12 тэрбум
гаруй тонн нөөцтэй 200 гаруй нүүрсний уурхай манайд бий. Одоогоор зөвхөн
уламжлалт нүүрс шатаах технологийг ашигладаг учир бүтээмж бага
байгаагийн зэрэгцээ хүрээлэн буй орчинд халтай “лүд” болж хувираад
байгаа юм. Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг нүүрсээр бэл бэнчин
сайтайн ачаар ч гэх үү, бачаар ч гэх үү Монгол Улсын өмнөд хэсэгт ид
олборлолтын ажил өрнөж, импортын ашиг багагүй хувиар нэмэгдсээр байгаа
билээ. Гэхдээ тооноос илүү чанар хэмээн үглэдэг хэсэг хүмүүсийн нүдээр
нүүрс түүхийгээрээ, боловсруулалтгүй, улсын хилээр гарч байна.
Нягтлан үзвээс Хятадын Үндэсний
статистикийн газар “Хятадын нийт импортолсон нүүрсний дундаж үнэ тонн
тутамд 115 ам.доллар” гэсэн судалгааг гаргажээ. Гэтэл манай орны
нүүрсний экспортын дундаж үнэ 100 ам.доллар байгаа нь дэлхийн дунджаас
дор хаяж 10 доллараар /Австрали улс Хятад улс руу 110 ам.доллараар
гаргадаг/ бага байгаа юм. “Source watch.com” сайтад өгүүлснээр Хятад
улс Монголоос импортолсон хямд үнэтэй нүүрснээс өнгөрсөн онд зургаан
тэрбум доллар хэмнэсэн гэжээ. Манай урд хөршийн нүүрсний импорт дотоодын
хэрэгцээнээс шалтгаалан ирэх жилүүдэд үлэмж нэмэгдэх хандлагатай байна.
Харин нүүрсний үнэ сүүлийн хоёр сард долоон хувиар буурсан бөгөөд энэ
онд ч мөн доошилсоор байх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж
байгаа юм.
Дэлхийн хэмжээнд өдөрт 19 сая тонн нүүрс
хэрэглэдэг гэсэн статистик бий. Энэ хэрэглээ ирэх жилүүдэд улам
нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Ер нь цэнхэр гариг дээр 3.6 тэрбум хүн
эрчим хүчгүйгээр амьдарч буй. Тиймээс улс орнууд эдгээр хүнд гэрэл
цахилгаан хүргэх зорилгоор ирэх 20 жилд хоёр тэрбум хүний эрчим хүчний
хэрэгцээг хангахаар ажиллаж байгаа аж. Тэгэхээр нүүрснээс гаргаж авах
эрчим хүчийг л нэмэгдүүлж байж харанхуй дундах иргэдэд гэрэл цахилгааныг
хурдацтайгаар хүргэх бодлого барих юм байна.
“Бусад эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх нь чухал. Тэгэхдээ энэ их
өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах суурь гол шийдэл нь
цэвэр нүүрс юм” гэж Дэлхийн хувийн хэвшлийн нүүрсний хамгийн том компани
болох “Пийбоди Энержи” үзэж байна. Тус компанийн “Ногоон нүүрс” хэмээх
төлөвлөгөө нь нүүрсийг боловсруулах өндөр технологи ашигласнаар ялгарлыг
бүрэн устгах, улмаар олон арван сая ажлын байр бий болгохоос гадна
эдийн засгийг үйлдвэржилтийн шинэ шатанд гаргах зорилготой юм байна.
Өөрөөр хэлбэл, дэлхийн нүүрсний хөгжлийг тодорхойлогч “Пийбоди Энержи”
компани хамгийн гол нь нүүрсийг байгальд ээлтэйгээр ашиглаж хөгжлийг бий
болгох хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Тэгвэл манай улсын нүүрсний бодлого
томоохон экспортлогч орон болох зорилго тавьжээ. Дөрвөн жилийн өмнө жилд
дөрвөн сая тонн нүүрс олборлож гадаад зах зээлд гаргадаг байсан бол
өнөөдөр 22 сая тонныг олборлож байна. Ирэх 2020 он гэхэд 70 сая тонн
нүүрс экспортлох таамаг бий. Тиймээс энэхүү баялгийг түүхийгээр нь
дэлхийн зах зээлийн үнээс хямдаар бус доод тал нь 60, 70 хувийг
боловсруулж гаргах нь илүү ач холбогдолтой билээ. Үүний тулд технологийн
шинэчлэл хийж, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулахад анхаарч ажиллах
шаардлагатай, мөн уул уурхайн компаниудын менежментийг сайжруулж,
зардлыг бууруулах нь тус салбарын өмнө тавигдаж буй том асуудал болоод
байна.
Салхитай Монгол
Манай
оронд нар жилийн 250 өдөр ээдэг бол талын салхи тасралтгүй хацар илбэж
байдаг билээ. Тэнгэр одоор баян гэдэг шиг Монгол Улс салхиар баян. Манай
орны жилийн дундаж салхины хурд 4-9 метр секунд.Тэгвэл дэлхий дээрх
ихэнх салхин сэнс 4-5 метр секундын хурдтай салхинд эргэж, эрчим хүч
үйлдвэрлэх чадалтай байдаг аж. Тэгэхээр манайд салхины эрчим хүчийг
хөгжүүлэх боломж нөөц байна гэсэн үг. Ялангуяа Монголын хээр болон
цөлөрхөг бүсэд салхи ихтэй. Дээрх бүсэд жилийн дундаж салхины хурд 4-6
м/с бол Хэнтийн ууланд 1-2 м/с, бусад нутагт 2-3 м/с байна. Дэлхийн эрчим хүчний ирээдүй тодорхойгүй болсон өнөө үед улс орнууд
салхинаас гаргаж авах эрчим хүчээ хурдацтайгаар нэмэгдүүлж байна.
“Дэлхийн салхины эрчим хүчний консул”-ын үзүүлэлтээс харахад 2011 онд
дэлхийн салхины эрчим хүчний чадал 41 Гвт-аар нэмэгджээ. Өнөөдөр нийт 75
орон салхины эрчим хүчний эх үүсвэртэй бөгөөд тэднээс 22 улс нь хэдийнэ
нэг Гвт-аас давсан эрчим хүчийг гаргаж авах хүчин чадалтай болчихсон
аж. Мөн түүнчлэн салхи 2013 онд дэлхийн нийт эрчим хүчний 3.35 хувь,
2018 он гэхэд найман хувийг эзэлнэ гэсэн төлөвийг судлаачид гаргажээ.
Дэлхийн 48 оронд салхин сэнсийг хэрхэн ашиглах, түүнээс гарах энергийн
ашиглалтыг зохицуулах тухай хууль, дүрмийг баталсан байдаг байна.
Манай улсад бүтээн байгуулалтын өртөг
өндөртэй энэхүү бизнесийг “Ньюком групп” эхлүүлсэн бөгөөд тун удахгүй
энэ онд эхний ээлжинд нийт 50 МВт хүчин чадалтай “Салхит” нэртэй салхин
цахилгаан станцыг ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна. Тус группын
гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Бид энэхүү станцыг ашиглалтад
оруулснаар жил бүр 120 мянган тонн нүүрс, 1,2 сая гаруй тонн ус хэмнэж
чадна. Үүгээр ч зогсохгүй, 150 мянга гаруй тонн хүлэмжийн хийг бууруулах
боломжтой болно” гэсэн юм. Төлөвлөгөөний дагуу “Ньюком групп” дараагийн
ээлжинд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 300 МВт хүчин чадалтай салхин
станцыг 2015 он гэхэд барьж дуусгах юм байна. Харин 2025 онд гурав дахь
томоохон төслийн ажил нь дуусаж 1000 МВт-ын станц боссон байх таатай
мэдээ бий.
Эрчим хүчний зохицуулах газрын
судалгаагаар манай улс эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 93 хувийг
нүүрснээс, 6.8 хувийг шингэн ба хийн түлшнээс, зөвхөн 0.2 хувийг л
сэргээгдэх эрчим хүчнээс гарган авдаг ажээ. Харин Салхитын салхин станц
ашиглалтад орсноор салхи дангаараа манай орны нийт эрчим хүчний таван
хувийг хангах юм.
Сэргээгдэх Эрчим хүчний Үндэсний хөтөлбөрт “..2010 оны улсын эрчим
хүчний нийт үйлдвэрлэлийн 3-5 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж
авна” гэсэн байдаг. Тиймээс боломж бололцоогоо ашиглан цаашид салхины
эрчим хүчний үйлдвэрлэлийг таван хувиас ч ахиулах боломжтойг харгалзан
тууштай зорилт тавин ажиллах нь зүйтэй хэмээн “Нүүрс үү, Салхи уу”
хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хэлж байлаа.
“Нүүрсний асар их баялагтай, мөн олборлолтын өртөг харьцангуй хямд
байдаг манай улсын хувьд нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулснаар газрын
тосны үнийн өсөлтийн дарамтнаас ангижрах цаашлаад нефтийн
бүтээгдэхүүний хувьд гадаад орноос 100 хувь хамааралтай байдал арилна.
Мөн Монгол Улсад химийн үйлдвэрлэл хөгжих үндэс ч тавигдана” хэмээн
МУИС, ХХИС, Хими технологийн тэнхимийн багш, доктор Б.Батцэнгэл тус
хэлэлцүүлгийн үеэр илтгэлдээ дүгнэн хэлсэн юм.
Мөн түүнчлэн оролцогчдын зүгээс салхин
цахилгаан станц технологийн хувьд дангаараа явахад хүндрэлтэй. Нэг
хэсэгтээ нүүрстээ тулгуурлаж, салхиар туслуулах нь ойлгомжтой. Салхи нь
илүү, нүүрс нь илүү гээд ялгаад байх зүйл үгүй. Аль аль нь хэрэгтэй.
Иймд ус хэрэглэдэггүй, утаа бага гаргадаг байгаль орчинд ээлтэй
технологи руу бодлогоо чиглүүлж, нөгөө талаар нүүрсийг орчин үеийн шинэ
технологиор шатааж, хорыг нь багасгах тал дээр анхаарах замаар
сэргээгдэх эрчим хүчний асуудлыг зөв бүтэцтэй авч явья гэсэн саналуудыг
дэвшүүлсэн юм.
Б.Энхцэцэг