Харин Сонгуулийн ерөнхий хороонд сонгогчдын саналыг тоолох 30 машин л байгаа аж. Тус хорооныхноос үлдсэнийг нь хэзээ оруулж ирэхийг лавлахад “Энэ сарын сүүлчээр 700 гаруй машин нэмж оруулж ирнэ. УИХ-ын 2012 оны сонгууль болох өдрөөс аль болох наана нь авч хүргэхгүй бол болохгүй. Ер нь сонгуулиас өмнө оруулж ирж дуусгана” гэсэн хариулт өгч байна. Тэгэхээр Сонгуулийн ерөнхий хорооныхон дөрөвдүгээр сарыг 800 хүрэхтэй үгүйтэй санал тоолох автомат машинтай угтах бололтой. Үлдсэнийг нь яг хэдийд оруулж ирэх нь тодорхойгүй байгаа аж. Тус хорооныхон УИХ-ын гишүүдээр шүүмжлүүлсний эцэст АНУ-ын “Dominion voting” компаниас “New image cast” маркийн 2500 ширхэг санал тоолох автомат машин худалдан авахаар гэрээ байгуулсан юм. Мөн тэд сонгуулийг шударга явуулахад хамгийн чухал нөлөөтэй гэж байгаа санал тоолох автомат машиныг сонгуулийн саналын хуудастай хамт орон нутаг руу хүргэхээр төлөвлөж байгаа бололтой. Гэхдээ явуулахаасаа өмнө санал тоолох машины найдвартай ажиллагааг бүхий л талаар турших бодолтой байгаа гэнэ. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд “Гэрээгээ хугацаа тулгаж хийсэн. Гэсэн ч санал тоолох машиныг хоёрдугаар сараас ирэх тавдугаар сарын 10-ны хооронд оруулж ирж дуусгана” гэж байсан удаатай. Тиймээс цаг хугацаандаа амжих эсэхийг нь харах л үлдлээ.
Цахим үнэмлэхний тухайд мөн л яг хэзээ иргэдийн гарт хүрэх нь тодорхойгүй байгаа аж. УИХ-ын холбогдох байнгын хорооноос “Цахим үнэмлэх олгох бэлтгэл ажлыг хийж байгаа. Хуулийн биелэлтийг хангаж ажиллана. Цахим үнэмлэхийг хугацаанд нь олгож дуусгана. Сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн үед үнэмлэх олгох ажлыг зэрэг зохион байгуулна” гэж мэдээлж байна. Мөн л сонгуулийн санал авах өдөртэй уралдан иргэдэд цахим үнэмлэх тараах ажлыг хийх бололтой. Цахим үнэмлэх хэвлэх, тараахад шаардагдах хөрөнгийг өнгөрсөн оны сүүлчээр баталсан төсвийн тодотголын төсөвт тусгасан нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэсэн тайлбар тавих хүн ч цөөнгүй байна.
"Улс төрийн тойм" сонин