Сүүлийн үед “Бүх нийтийн” гэдэг үг амны уншлага болж байх шиг байна. Арга ч үгүй биз. “Олны хүч оломгүй далай”, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг үгнээс л болсон байх. Дээрх үгэнд монголчууд эртнээс нааш олуулаа асуудлыг шийдсээр ирсэн гэдэг утга илэрхий бий. Тийм болохоор өөрсдийгөө зөв зүйл хийж байна гэж хэлүүлэх гэсэн бүн бүр л “Бүх нийтийнддэг” болсон үе өнөөдөр тохиож байна. Юм л болбол бүх нийтийн аян зарлана. “Бүх нийтийн жагсаал, цуглаан хийнэ. Бүх нийтийн санал асуулга явуулна” гэдэг болжээ. Гэхдээ энэ нь үр дүнд хүрээд байгаа юм чинь “моод”-нд орохгүй гээд яах вэ. Саяхан бүх нийтийг витаминжуулах аян зарлахаар болсон тухай зар тарав. Зөв л сэтгэсэн байна шүү дээ. Цаг үедээ тааруулаад сэтгээд байгаа нэгнийгээ дэмжиж байж л урам зориг өгч, ажлыг нь урагшлуулдаг биз дээ. Тэгэхээр бүгдээрээ витаминжуулах аянд нь бүх нийтээрээ хамрагдацгаая. Иймэрхүү аянд сайн дураараа л хамрагдах ёстой юм шүү дээ. Гэтэл зарим нэг нь бүх нийтийн аянд нэгдэхийн тулд аян зохион байгуулагчаас мөнгө авч байх юм. Зохион байгуулагч нь ч гэсэн дээ. Аянд нь сайн дураараа нэгдэх ёстой хүнд мөнгө өгч л байдаг. Тиймээс монголчууд минь бүх нийтийн гэсэн тодотголтой бүхэнд мөнгө авалгүй сайн дураараар нэгдэж, нэгнийхээ хийж буй ажлыг дэмжихийн хажуугаар асуудлаа олуулаа шийдэцгээе. Хэзээ ч юм та өөрөө бүх нийтийн аян зохиочихсон гүйж явах ч юм билүү хэн мэдлээ. Ардын намынхан хүртэл цаана чинь бүх нийтийн аянд нэгдэх гээд УИХ-ын сонгуулийн үеэр “Бүх нийтийн санал асуулга явуулна” гээд гүйж байна. Саяхан болсон цагдаагийн дарга нарыг шүүх хурлын үеэр цагдаагийн бие бүрэлдэхүүн чинь бүх нийтийн дээд л сүрийг үзүүлээ биз дээ. Шүүхийнхэн тэднээс айгаад л бөөн юм болоогүй юу. Тэгэхээр асуудал бүрийг зөв шийдэж байхын тулд бүх нийтийн аян нэгдэх нь хамгийн зөв арга байгаа биз. Аянд нэгдсэн байхад хожно уу л гэхээс алдах юм лав байхгүй. С.Ганбаатар хүртэл бүх нийтийн аяндаад цалин, тэтгэвэр нэмүүлчихлээ гэх шив. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гээд хэн нэгэн нь хэлээд байсан байх аа.
Р.САРАНГОО
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин