Хойд Солонгос ОУ-ын мэргэжилтнүүдийг ирэхийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос ОУ-ын мэргэжилтнүүдийг ирэхийг зөвшөөрлөө

Хойд Солонгос улс Олон улсын Атомын энергийн агентлагийн мэргэжилтнүүдийг урьсан талаар Ройтерс агентлаг мэдээлэв.

ОУАЭА-ийн мэргэжилтнүүдийн айлчлал өнгөрсөн хоёрдугаар сард АНУ болон Хойд Солонгосын хийсэн хэлэлцээрийн хүрээнд зөвшөөрөгдөж байгаа юм. Пхеньян түр хугацаанд атомын туршилтаа болон уран баяжуулах ажлаа зогсоож, ОУАЭА-ийн шалгагч нарыг атомын байгууламжуудаа шалгахыг зөвшөөрсөн аж. Мөн хүнсний тусламж авахаар болсон байна.

Хойд Солонгосын Засаг Захиргаанаас атомын мэргэжилтнүүдийг энэ сарын 16-наас эхлэн урьсан боловч айчлал хийхийн өмнө ОУАЭА хэлэлцээрийн зарим нэгэн зүйлийг тодруулах болон Хойд Солонгосын албаныхантай айчлалын талаар хэлэлцэхээр шийдсэн юм. ОУАЭА-ийн төлөөлөгч хэлэхдээ одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Пхеньян Хойд Солонгосыг үндэслэгч “эцэг” Ким Ир Сений 100 насны ойд зориулсан баярын үеэр пуужин хөөргөхөөр шийдвэрлэснээ зарласан юм. Энэ мэдэгдлийг хөрш орнууд болон барууны зарим орон эсрэг байр суурьтай хүлээн авсан. Магадгүй Хойд Солонгос цөмийн пуужин турших гэж байгаа байх гэж улс орнууд үзэж байна. Харин Хойд Солонгос сансрын хөтөлбөрөө энх тайвны зорилготой гэж тайлбарлаж байгаа билээ.

Дашрамд Хойд Солонгос улс цөмийн зэвсэгтэй орон болохоо 2005 онд зарласан юм. Пхеньян 2006 болон 2009 онд цөмийн туршилт хийж байсанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хориг арга хэмжээ авч байжээ. Түүнээс гадна НҮБ-ын зүгээс Хойд Солонгосыг баллистик пуужин хөөргөхгүй байх болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээр хийхийг шаардсан юм.

2010 оны арваннэгдүгээр сард Хойд Сологос цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэхээ албан ёсоор мэдэгдснээс гадна Йонбегийн байгууламжид уран баяжуулах хэдэн мянган төхөөрөмж ажиллаж байгаа гэжээ. ОУАЭА-ийн мэргэжилтнүүд Йонбед ажиглалт хийж байсан боловч 2009 оны дөрөвдүгээр сард Хойд Солонгос агентлагтай хамтран ажиллахаас татгалзсан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж