УИХ-ын дарга Мөнххайрхан суманд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Мөнххайрхан суманд ирлээ

УИХ-ын чуулган завсарласан хугацаанд орон нутагт ажиллаж буй УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймгийн Цэцэг, Мөст сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо. Мөст сум нь 3,9 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн сум бөгөөд эрчим хүчний шугаманд холбогдсон, Монгол улсын аль ч суманд байхгүй Соёлын төвийг өнгөрсөн арванхоёрдугаар сард барьсан гэдгээрээ онцлогтой юм байна.

Уг сум иргэддээ 80 хувийн хөнгөлөлттэйгээр трактор олгож эхэлсэн ба энэ жил 75 хувийн хөнгөлөлттэйгээр үргэлжлүүлэн олгох бүрэн боломжтойг орон нутгийн удирдлагууд мэдэгдэж байлаа.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Мөст сумын иргэдтэй хийсэн уулзалт хийлээ. Энэ үеэр иргэд Хөшөөтийн нүүрсийг хямд үнээр гаргаж байгаад сэтгэл эмзэглэж буйгаа ярьж, малд хийж буй вакцин хүндрэл үүсгэж, мал хээл хаяж байгааг анхааралдаа авахыг хүсчээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон түүнийг дагалдан яваа С.Бямбацогт, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Н.Номтойбаяр, УИХ-ын даргын зөвлөх Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, зарим яам, агентлагийн удирдах ажилтнууд, төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид  өнөөдөр Мөнххайрхан суманд ирээд байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 09.00 цагт /Улаанбаатарын цагаар 10.00 цагт/ тус сумын иргэдтэй уулзах ажээ. Мөн малчин айлуудаар орж, мал төллөлт, хаваржилттай танилцах юм байна.

УИХ-ын дарга гуравдугаар сарын 18-22-нд Ховд болон Баян-Өлгий аймагт ажиллах бөгөөд томилолтын хугацаанд хоёр аймгийн төв болон зарим сумдад ажиллаж, орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, мал төллөлт, хаваржилт, цаг үеийн ажлын явц байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзан санал хүсэлтийг нь сонсч, УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар мэдээлж танилцуулна. Мөн казах түмний амьдрал ахуйтай танилцаж, Наурыз баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж