Хөдөлгөөний ачааллыг багасгах, осол гэмтлээс сэргийлэхийн тулд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль, зүй дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгээс төв зам болон ачаалал ихтэй хэсэгт байрлах ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн цагийг өөрчлөхөөр болсон аж. Тухайлбал, Энхтайвны гүүр, 120 мянгатын замын ачааллыг багсгах зорилгоор Хөдөө аж ахуйн их сургуулийн хичээлийг 10:00 цагаас эхлүүлэхээр болсон байна. Мөн Төрийн ордны ойролцоох их, дээд сургуулиудын цагийг энэ мэтчилэнгээр өөрчлөх юм. Цаашид зөвхөн оюутан, сурагчдын хичээл эхлэх цагийг өөрчлөх бус Улаанбаатар хотын томоохон худалдааны байгууллагын удирдлагуудтай тохиролцож цагийн хуваарийг хэрхэн өөрчлөх талаар хэлэлцэх болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд сурагчдын амралт эхэлж байгаа учир шинэ улирлын хичээл эхлэхэд буюу ирэх сарын 5-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Харин шуурхай хурал тарсаны дараа ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн цагийг өөрчлөх талаар яриа үргэлжилж байлаа. Албан бус мэдээллээр 10:00 цагаас эхлүүлэх нь бараг тодорхой болсон гэж байлаа
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жилд багтаан Баянгол дүүрэгт хэд, хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөсөн байна. Зарим ажлуудыг техникийн шалтгааны улмаас он дамжин хийж байгаа талаар дүүргийн Засаг дарга нь танилцуулж байсан юм. “Хийх ёстой 18 ажлаас 1,6 тэрбум төгрөгийн 12 ажлыг бүрэн хийж дууссан. 4,9 тэрбум төгрөгийн зургаан ажил он дамжин хийгдэж байна” гэж Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан ярьж байсан юм. Мөн бусад дүүргийн адилаар усан бассейн бүхий спортын цогцолбортой болохоор барилгын ажил нь эхэлжээ. Дашрамд дурьдахад, энэ жил нийслэлийн дүүрэг болгон спорт цогцолбортой болох төлөвлөгөөтэй байгаа аж.Төвлөрсөн дулаан болон усны шугамын шинэчлэлтийн ажлыг ч хийх юм. Одоогийн байдлаар сонгон шалгаруулалт нь дууссан бөгөөд гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулах л үлджээ. Мөн тохижилт үйлчилгээний компаниудад 15 зориулалтын, найман задгай тэвштэй машиныг ирэх сард өгөх гэнэ. Энэ жил Баянгол дүүрэгт зургаан төрлийн 43,7 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар дүүргийн төсөвт суусан 4,1 тэрбум төгрөгийн ажил эхлэхээр болжээ.
Төрийн өмчийн болон орон нутгийн эд хөрөнгөд үзлэг хийх тухай 2012 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 46 тоот Засаг даргийн тогтоол гарсан. Үүнд дүүргийн дарга нар харьяа нутаг дэвсгэр бүртээ гуравдугаар сарын 9-ний дотор багтаан салбар комисс байгуулах тухай заасан байна. Ингэснээр тооллогыг тавдугаар сарын 15-ны дотор явуулж дүнгээ Төрийн өмчийн хороонд өгөх шийдвэр гарсан талаар нийслэлийн Өмчийн газрын дарга Ц.Баасанжав удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр мэдээлсэн юм. Уг ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцан ажилладаг учир дүүрэг бүрт салбар комисс гаргаж мэдээлэл цуглуулах тооллого явуулахад хэрэгцээтэй мэдээллээр хангах заавар, зөвлөгөө өгөх болжээ.
Багануур дүүрэгт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд орон нутгийн хөгжилд багагүй түлхэц өгч байгааг аж. “Манай дүүргийн хөгжилд хөрөнгө оруулалтаар ирсэн мөнгө багагүй хувь нэмэр үзүүлж байна. Бид үүгээрээ боломжийн ажил хийж, гүйцэтгэсэн” гэж Багануурын Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлэв. 2008 онд Багануур дүүрэгт 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол өнгөрөгч 2011 онд 9,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөхөөсөө 10 дахин нэмэгдсэн байна. 2011 оны сүүлээр нийслэлээс таван ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд усан бассейн бүхий спорт цогцолбор барих, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, хот тохижилтын болоод парк шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэх, хогны шинэ машиныг нэмэхээр болжээ. Он гарсны дараагаар нийт 3,2 тэрбум төгрөгөөр зургаан ажил хийхээр болж гүйцэтгэгч компаниудад шилжүүлээд байна. Үүнээс гадна Ус сувгийн удирдах газрын ундны усны лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил эхэлж гүйцэтгэл нь 95 хувьтай байна. Хэдийгээр энэ мэтчилэн хөрөнгө оруулалтын нийт хэмжээний тухай тайлан мэдээллийг өгч байсан ч чухам юунд зарцуулагдсан тухай тоймтой мэдээлэл өгөх боломж Багануур дүүргийн удирдлагуудад байсангүй.