Сэлбийн сав газартай адилхан дүр зураг Хархорин захын ард үзэгдэж байлаа. Хог түүдэг хүмүүсийн өтгөн, шингэн, захад ажиллагсдын хаясан зүйлсүүд хайлах цастай зэрэгцэн ус болон урсах ажээ. Гэтэл ердөө хэдхэн алхмын цаана хүмүүс бараа, таваараа зарсан хэвээр.
“Энд ер нь жил болгон л ийм байдаг юм. Чухам хэн хариуцаж, ямар ажил хийдэггүй нь тодорхойгүй шүү дээ” гэж Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Сайхан ярьж байна. Хэдийгээр долоо хоногтоо нэг удаа хогоо ачаад явдаг ч дагтаршиж, хатсан өтгөн, шингэнийг цэвэрлэх нь үгүй. Сүл хийсэх хогийг цуглуулсан болоод л өнгөрнө.
Хархорин захын адил дүр зураг Нарантуул захын булан тохой, ард хэсэгт бас л харагдаж байлаа. Өтгөн, шингэн хайлан урсч байгаа газраас хэдхэн алхмын цаана хүмүүс чихэр, жимс тэргүүтэн зарж байгаа харагдав. Бүр газар тавьсан ууттай самарнаас худалдан авах хүн ч цөөнгүй. Худалдан авагчдын дийлэнхийг өсвөр насны хүүхдүүд эзэлнэ.
Хайлааст, Ханын материал орчмын гэр хорооллын гудамжин дундуур мөн л ийм дүр зураг үргэлжилнэ. Хэдэн хашааны цаана хүмүүс угаадсаа асгаж, зарим айлууд нь хогоо хээв нэг гаргаад тавьж байгаа харагдав. Наранд ээвэр зарим газар гэсч, цас хайлжээ. Үүнтэй зэрэгцэн нөгөөх эхүүн үнэр үнэртээд эхэлчихэж. Гэр хороолол дунд үйлчилгээ эрхэлж байгаа газрууд ч хаягдлаа хаяж, угаадсаа асгаж байлаа. Дэнжийн 1000 орчмын дунд байрлах техникийн сэлбэг худалддаг газруудын дэргэд техникийн шингэн асгарч, зарим нь хаягдлаа шууд хаячихсан байгаа ч харагдав. Угаалгын газрууд машин угаасан усаа ард талын жижиг нүх рүү асгаж, зарим нэг нэг нь айлын үүдэнд асгаад эхэлжээ.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 200 мянга гаруй ил жорлон байдаг гэсэн судалгаа бий. Үүнэс болоод хөрс болон гүний уснаас хоёр сая гаруй төрлийн нян, бактери илэрчээ. Мөн сүүлийн үед Улаанбаатар хотын хэмжээнд халдварт шар болон гэдэсний савханцарын тархалт нэмэгдсэн гэсэн харамсалтай мэдээ ч байгаа юм. Хэдийгээр зарим нэг байгууллагын дэмжлэгтэйгээр нян устгадаг гэх бодис цацдаг хэдий ч тэр нь амьдрал дээр нянг бүрэн устгаж чаддаггүйг мэргэжлийн хүмүүс нь хэлж байна. “Монгол Улсын хэмжээнд иргэдийн 70 хувь нь боловсон жорлонгүй байна. Одоогийн байдлаар бусад орны технологийг нэвтрүүлэх тал дээр хэлэлцэж байгаа. Дараа жил гэхэд үндэсний хөтөлбөр боловсруулах санаатай байна” гэж профессор Д.Басандорж ярьж байсан юм.
Нийслэл хотыг тойрсон 1000 гаруй га талбай оршуулгын газар болон хувирсан байдаг. Хамгийн гол нь эдгээр оршуулгын газартай хаяа дэрлэн айлууд амьдарсаар. Бүр зарим нэг газартай нь худалдааны төвүүд хаяа дэрлэн баригджээ. Зөвхөн оршуулгын газраас л гэхэд 100 гаруй төрлийн хорт бодис агаарт тархаж, нянгийн тэсвэртэй хугацаа нь 500 жил үргэлжилдэг гэнэ.
Байгаль орчны яамнаас хийсэн судалгаагаар нийслэл хотын хөрсний бохирдлын хэмжээ байж болох хэмжээнээс 35 гаруй дахин их байна гэсэн хирдхийлгэм судалгаа ч гарчээ. Дулааны 3, 4 дүгээр цахилгаан станцын орчим, Шархад, 100 айл, Дэнжийн 1000, Хайлаастын орчимд хөрсний бохирдол хамгийн өндөр буюу хотын дундаж хэмжээнээс 10-16 дахин их байдаг аж. Нисэх, Яармаг, Үйлдвэр комбинат, Төв цэвэрлэх байгууламжийн орчимд вольфром, мөнгөн усны агууламж хамгийн өндөр байдаг бөгөөд Хайлаастын чиглэлд циркон, хар, цагаан тугалга ихээр илэрдэг ажээ.
Байдал ийм байхад одоогийн байдлаар нийслэлийн удирдлагаас дорвитой мөнгө, төгрөг тусгаж, ажил хэрэг болгосон юм алга. Зарим нэгэн хүмүүсийн хэлж байгаагаас харвал ирэх жилээс тодорхой хэмжээний мөнгө, төгрөг гаргахыг баталж байгаа гэнэ лээ.