Цагдаагийн байгууллага хурандаа нарын ”өмч” үү?

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллага хурандаа нарын ”өмч” үү?

Өнгөрөгч баасан гаригт Төрийн ордонд зарласан хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн дунд нэг ийм яриа болсон юм. Долдугаар сарын 1-ний шүүх хурал цагдаагийн генералууд болон Ахмадын холбооны Баасан “эгч” хоёрын зиндааг тодорхойлсон хэрэг боллоо гэж. Баасан гуай ядарсан, хаягдсан ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалан жагссаныхаа төлөө гурван ч удаа цагдан хориулаад амжсан бол цагдаагийн дарга нар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол сонссон даруйдаа даралт ихсэн амь тавихаа шахаж, түргэн тусламжийн тэргээр дүүргийн эмнэлэгт хүр­гүүлсэн билээ. Өнгөцхөн харвал энэ нь манай цагдаагийнхны бие бялдар, сэтгэл санааны бэлтгэлжилт болоод энгийн иргэдийн хатуужилт хоёрыг харьцуулах сайхан жишээ. Харин цаад утгыг нь хөөвөл их өөр зүйлийг өгүүлэх болно.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт болсон ”долдугаар сарын 1-ний” хэргийн шүүх хуралдаан олон нийтийн хувьд тийм ч ойлгомжтой бус шалтгаанаар хойшилсон билээ. Долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр цагдаагийнхан галт зэвсэг ашиглаж хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдон шалгагдаж байсан цагдаагийн дөрвөн даргын нэгнийх нь өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг тасалдуулахгүйн тулд Г.Ганбаатарын хэргийг тусад нь хэлэлцэхээр болж, үлдсэн гурван хүний /Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарын / хэргийг шүүхээр шүүх хуралдааныг эхлүүлсэн байдаг. Гэвч үүний төлөө Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт шүүх хуралдаан даргалж байсан шүүгчийг сүрдүүлж, “Шүүх шийдвэрээ гарга л даа, дараа нь яахыг чи хараарай. Хуульгүй шүүхийн эсрэг хуульгүй арга хэмжээ авна шүү” хэмээн заналхийлсэн гэдэг. Үүний дараа шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн тул хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

Гэвч хуралдаан даргалагч О.Зоригтын энэ заналхийллийн улмаас холбогдогч нарыг шүүх хуралдаанд саад учруулж магадгүй гэсэн үндэслэлээр дараагийн шүүх хурал хүртэл таслан шийдвэрлэх арга хэмжээ авахаар шүүхийн захирамж гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, нөхдүүд дараагийн шүүх хурал болтол ШШБЕГ-ын харьяа Ганцхудагийн цагдан хорих төвд залрах ёстой байв. Хачирхалтай нь дүүргийн шүүхээс хорих анги рүү хүргэх хамгаалалтын машиныг ШШБЕГ-аас дуудахад “Манай баазаас машин гарахгүй”, “Баазад машин байхгүй” гэсэн шалтгаанаар холбогдогчдыг ирж авахаас татгалзсан байна.

Үүний дараа харин юу болсоныг уншигчид бэлхнээ харсан. Цагдаагийн дарга нарын бие гэнэт муудаж, даралт нь ихэслээ гэдгээр шалтаглан түргэн тусламжийн машин дуудаж, түшүүлэн байж суугаад дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Дүүргийн эмнэлэгт шүү дээ.

Уг нь хуулиараа бол шүү­хээс таслан шийдвэрлэх тогтоол уншуулсан хүн хорихын эмнэлэгт хүргэгдэх ёстой. Харин тэндээ хэр их эрх дарх эдлэх, ямархуу “люкс” зэрэглэлийн өрөөнд залрах ньцагдаагийн дарга нарын өөрсдийнх нь асуудал. Тэртэй тэргүй захын хулгайч, эрүүгийн рецедивүүд ороод мөнгөө төлөөд, гэрээсээ хоол зөөлгөөд тансаглаж болдог шоронгийн өрөөнүүд зөндөө л байдаг юм гэсэн. Энэ нь бараг хүний эрх шахуу болчихоод байгаа. Харамсалтай нь, цагдаагийн дарга нар жирийн иргэдийг дуртай цагтаа саатуулдаг цагдан хорих төвөөсөө цаг нь ирэхэд өөрсдөө жийрхдэг байна шүү. Хуулийн байгууллагын удирдлагуудын хууль зөрчсөн энэ үйлдлээс болоод шүүхийн захирамж хэрэгжилгүй бүтэн тав хоногоор саатлаа. Үүнээс доорх асуултууд урган гарч байна.

Нэгдүгээрт, Монголд хэн хуулийг мөрддөг, хууль хэнд үйлчилдэг вэ? Ямар ч байсан цагдаад хууль үйлчилдэггүй гэдэг нь тодорхой боллоо. Зөвхөн Нийслэлийн цагдаагийн дарга асан хурандаа О.Зоригтын шүүхийн танхимд хэлсэн заналхийлэл, шүүхийн захирамжийг зөрчин дүүргийн эмнэлэг руу зугтсан цагдаагийн дарга нар, дарга нараа “хулгайлж” явсан, шүүх хуралдаан болдог өдөр дүүргийн шүүхийн гадаа ажил хаялт хийсэн цагдаагийн ажилтнуудаас харахад.

Тухайн өдөр дүүргийн шүүхийн гадна цагдаагийн 60 гаруй ажилтан цуглаж, эргүүлд гарсан, эсвэл эсэргүүцлээ илэрхийлсэн тухай хэвлэл, телевизүүдээр хангалттай мэдээлсэн. Орой нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газраас “Энэ бол эсэргүүцлийн жагсаал цуглаан биш, эргүүл хамгаалалтын ажиллагаа ч биш, бид энэ ажиллагааг зохион байгуулаагүй” гэж хэдэнтээ залруулсан авч харамсалтай нь, тийм гэж харагдахгүй байна. Хэрвээ тийм бол цагдаагийн дүрэмт хувцас өмсч, зэвсэг хэрэгслээ агссан цагдаа нар ажлын цагаар юу хийж тэнд цугларсан хэрэг вэ. Хэрвээ чөлөөт цагаараа дарга нартаа сэтгэлийн дэм өгөхөөр, эсвэл зүгээр сониучирхаж ирсэн бол тэдэнд хувцас, хэрэглэл ямар хэрэгтэй юм. Яагаад цагдаагийн дүрэмт хувцастайгаа ярайн зогсч байсан бэ?

Шүүх хуралдааны дотор болоод гадна өрнөсөн энэ явдлыг сүрдүүлэг гэхгүй өөр юу гэх вэ.

Хэрвээ үгүй гэвэл ард иргэ­дийн амгалан тайван байдлын төлөө эргүүл хамгаалалтад явж байх ёстой цагдаа нарыг ажлын байр, албан үүргээ умартаад тэнд ангайж зогсох зөвшөөрлийг хэн өгч, цалинг нь хэн тавьж байгаа хэрэг вэ? Өнгөрсөн зургаа хоногийн дотор хэн гэдэг цагдаад энэ шалтгаанаар арга хэмжээ авсан бэ? Энэ асуултын хариултыг ЦЕГ, Хууль зүй дотоод хэргийн яамнаас нэхэх хэрэгтэй болж байна. 

Ойролцоо жишээ авья л даа. Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн захирал, эсвэл захирлын эхнэр өвдөөд амаржихаар эмнэлэгт хүргэгджээ. Гэтэл гуравдугаар эмнэлгийн бүх эмч, сувилагч нар ажлаа хаяад мань нөхрийг амаржуулахаар нэгдүгээр төрөхийн гадаа ирээд зогсчихвол юу болох вэ. Эсхүл, Онцгой байдлын ерөнхий газрын нэг дарга хариуцлага алдаж, асч байсан айлын орон сууц руу гал биш, бензин шүршээд баахан хүний аминд хүрч, арга хэмжээ авагдах болж. Гэтэл тархи нь хамуурсан нөгөө нөхрийн төлөө бүх гал сөнөөгч нар таазнаасаа дүүжилж, усанд үйж үхээд байвал юу болох вэ..

Удаах асуулт нь цагдаа хэний төлөө тангараг өргөдөг вэ? Ямар ч байсан ард иргэдийг аюул ослоос хамгаалах, нийгмийн дэг журмыг сахиулахын төлөө биш гэдэг нь сүүлийн үйл явдлаас харагдлаа. Магадгүй “Төрдөө тангараг өргөсөн” гэж хариулах биз. Гэтэл тэр төр гэдэг нь хэн бэ, лав л албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа цагдаагийн хурандаа нар, генералууд биш. Ард түмний сонгож байгуулсан төр гэж арай өөр юмыг хэлдэг байх.

Харин өнгөрсөн долоо хоногийн үйл явдал цагдаа нар иргэдийн талд биш, Ерөнхийлөгчийн сануулаад байсан “хөрөнгөлөг хурандаа нарын” хувийн өмч болсон гэдгийг харуулав. Монголд хууль сахиулах үүрэг хүлээсэн нөхдүүд нь өөрсдөө хуультай тэрсэлдсэн үйлдлүүдийг хийж эхэллээ. Нөгөө зарим нэгний болгоомжлоод, сэрэмжлүүлээд байдаг “Цагдаа улс”, “Цэрэгжсэн улс” гэдэг нь бий болох гээд байгаа юм биш биз. Дөнгөж саяхан л Батлан хамгаалахын залуухан сайд нь “Хэрвээ долдугаар сарын 1 шиг зүйл дахиад гарвал арми бэлэн байх ёстой” гэж хэлээд мэргэн буучид сургаж байгаагаа ид хав болгон тайлагнаж байсан шүү дээ.   

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж