Монгол Улсын хурал өнгөрсөн 2008 онд цалин тэтгэврийг гурав дахин нэмнэ гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд 2012 оны төсөвт тодотгол хийгээд хэдхэн хонож буй. Үүний зорилго нь төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг 2012 оны хоёрдугаар сарын 1 болон тавдугаар сарын 1-нээс үе шаттай нэмэгдүүлэх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг биелүүлэхэд чиглэгдэж буй. УИХ-аас цалин тэтгэврийн 80 мянган төгрөгийн нэмэгдлийг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс тооцож олгохоор болсон. Түүнчлэн тэтгэмжийн хамгийн доод төвшинг 70 мянган төгрөгт хүргэх, мөн л хоёрдугаар сарын 1-нээс тооцож нөхөж өгөхөөр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт 13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмэх шаардалгатай байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Төсөвт тодотгол оруулсан ч 2012 оны төсвийн алдагдалд тусгасан ДНБ-ий гурван хувийг хөндөхгүйгээр шийдэж болох байлаа. Гэтэл төсвийн алдагдал гурван хувиасаа давчихаад байна” гэсэн мэдээллийг өгсөн. Түүний хэлснээр үнэхээр төсвийн алдагдал ДНБ-ийнхээ гурван хувийг давчихсан уу гэдэгт Сангийн яамнаас тайлбар авсан юм. Сангийн яам “УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд 3.6 тэрбум төгрөгт хүрсэн. Харин нэгдсэн төсвийн нийт зарлага 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд 467.7 тэрбум төгрөг болж байгаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий гурван хувьтай тэнцэхээр байна” хэмээн тайлбарлаж буй. Тус яамны мэргэжилтнүүдийн хэлснээр тийм аймаар алдагдал биш гэсэн шүү.
Монголбанк бодлогын хүүгээ өсгөх нь аргагүй хамгаалалт хэмээн тайлбарлаж байгаа ч УИХ-ын гишүүн О.Чулуунбат үүнийг буруу шийдвэр хэмээн эсэргүүцдэг. Нэгэн цагт Монголбанкийг удирдаж явсан хүний хувьд тэрбээр бодлогын хүүг ойр ойрхон нэмэх нь эрсдэлтэй үзэгдэл хэмээн үзэж буйгаа нуудаггүй. “Худалдаа, тээвэрлэлтийн дутуу эсвэл бүр гажиг зохион байгуулалтаас болоод л үнэ дээш, доошоо харайгаад инфляци болоод байгаа юм. Бодлогын хүүг нэмэх нь Америк, Европ, Хятад мэтийн маш том зах зээлтэй орнуудад тохирдог арга хэмжээ. Харин Монгол шиг эмзэгхэн, үйлдвэрлэл нь жижигхэн эдийн засагтай орны хувьд инфляцид бодлогын хүүгээс илүү ханш нөлөөлдөг. Монголчуудын хэрэглэж байгаа бараа, шатахуун, нефть бүтээгдэхүүнийг ам.доллараар худалдан авч, төгрөгөөр зардаг. Тиймээс бодлогын хүүгээр мөнгөний нийлүүлэлт, ялангуяа үнийг зохицуулах ямар ч боломж байхгүй” хэмээн тайлбарласан нь бий. Инфляци өнөөдөр хоёр оронтой тоонд хүрч, үнэ дийлдэхээ байсан гол буруутан нь эдийн засгаар хэтэрхий улстөржсөн явдал. Засгийн газрын үнэ тэжээх алдаатай бодлогын улмаас инфляци эрчимтэйгээр Монголын ядуусыг тоог нэмсээр л байна. Яг үнэндээ сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд монголчуудыг “мөнгөөр угжсан”. Тэрний үр дүн нь өнөөдрийн үнийн дарамт болчихоод байна.
Хэврэгхэн, бусдаас хараат эдийн засагтай Монгол Улсын хувьд инфляцийг барих хамгийн найдвартай арга бол дэд бүтцийг хөгжүүлэх. Нэг үеэ бодоход Монгол мөнгөтэй болсон. Шинэ баян цээж өвчтэй гэгчээр Монголын төр олсон орлогоо хайр найргүй цацсан нь өнгөрсөн хоёр жилийн дотор ядуурал 32 хувиас 40 хувьд хүртлээ өсгөчихсөн бий.
Энэ сарын 5-6-ны өдөр Төрийн ордноо болсон эдийн засгийн чуулга уулзалтаар Монголын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарсан ч эрсдэл ихтэй байгааг эдийн засагчид онцолсон. Учир нь эдийн засгийн өсөлтийн ихэнх нь зөвхөн уул уурхайн салбарт хамааралтай бөгөөд бусад салбаруудын хувьд эрсдэлтэй байгаа гэдэг нь тус чуулга уулзалтын гол сэдэв байсан юм. Эдийн засагч Б.Лхагважавын хэлснээр Монголын эдийн засаг зэс, нүүрс, нефть, мах, эрчим хүч гэсэн гарын таван хуруун дахь бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс хамаардаг аж. Тэгвэл МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл эдийн засгийн өсөлт монголчуудад жигд бус байдлаар хүрч байгааг төрийн бодлогын гажуудалтай холбон тайлбарласан. Бүх салбарт баримталж байгаа төрийн бодлого алдаатай байгааг тэрбээр шүүмжлээд иргэдэд хувьцаа өгч мөнгө тарааснаар эдийн засаг хөгжихгүй гэдгийг ч шүүмжилдэг. Хамгийн гол нь Монголын төр дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй байгааг, жижиг дунд үйлдвэрлэлгүйгээр улс орны эдийн засаг хөгждөггүйг эрхбаригчдад эдийн засагчид хангалттай зөвлөсөн. Харамсалтай нь, Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээ илэрхийлдэг ч Монголбанкнаас инфляцийн инерцийн эсрэг авч байгаа арга хэмжээ нь жижиг дунд үйлдвэрлэлийн эсрэг чиглэгдээд эхэлчихлээ. Тэгэхээр сонгуулийн эдийн засаг буюу бодлогын алдаагаа өөрчлөхгүйгээр Монгол Улс үнийн дарамтаас салж чадна гэдэг эргэлзээтэй л юм.