Алтан загас амилах цагаар

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Алтан загас амилах цагаар

“Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт биш
Хөх цэнхэр далайн ирэг ирмэг газарт” биш, улс Монгол оронд маань хүссэн бүхнийг биелүүлдэг шидэт алтан загас хөгшин буурал өвгөний гурвантаа зангасан дэгээнд баригдаж биш, өөрийн сайн дураар морилон ирэх гэж байна. Ганцхан ширхэг биш шүү, бүр хэдэн зуугаараа сүрэглэн ирнэ. Хэдэн арван илбэт загас, алтан загаснууд энэ тэрүүгээр сүлбэлдэж, хүслийг чинь биелүүлье гэж шулганан дагах цаг айсуй. Хөөрхөн, хөөрхөн алтан загаснууд өөрсдөө гүйж ирээд үүд хаалгыг чинь тогшоод, өрхийг чинь татаж, галыг чинь өрдөж өгье гээд салахгүй шүү дээ. Лав одоо ч бяцхан алтан загаснууд таныг хайгаад шөмбөлзөж яваа. Эхнээсээ элдэв танилцуулгаа тараагаад эхэлчихсэн байгаа биз.

Алтан загас амилахын өмнөх мөчлөгийн үеэр “Шалыг чинь шүүрдэж, аягыг чинь угааж, хоосон ходоодыг чинь цатгасуу” гээд салахгүй байсан юм даг. Хар багаасаа  шуналын тулмын үлгэр жишээ болсон эмгэн шиг болчихгүй байх сургаалыг сонсч өссөн болохоор сандарсандаа “Өөрөө шалаа угааж, бас өөрөө өөрийгөө хооллож, өөрийнхөө сонголтыг өөрөө хийчихье дээ” гэсэн чинь ядахдаа “Намайг дурсч яваарай” гээд хөөрхөн дүрсээ үлдээсэн, аяга, шанага, цаг, зүүлт, цаас өгөөд явсан бөлгөө. Одоо манийгаа мартаад удаж байгаа нэг том алтан загас.

Тэгэхдээ би өөрийгөө тэднийг ивээх алтан загас, гуйлтыг нь биелүүлж, гялайлгаж гэмээнэ алтаар шаргалтан аквариумд морилох хүслийн шидтэн гэж андуураад хаалгаа тас хааж, сүүлээ ганц ширвээд хаячихсан нь харин алд алдын урт алдаа байсан юм билээ. Гуйгаагүй байхад гүйж ирээд, зөвшөөрөөгүй байхад хүслээ биелүүлсэн алтан загас маань шаргал өнгөтэй аквариумдаа орж нуугдчихаад гарч ирэхгүй байгаа юм. Бүр сүүлээ шарвахыг ч харж амжаагүй болохоор энэ жилийн далайн түрлэг эхлэхэд гурав эс юм гэхэд ганц хүслээ ч болтугай алтан загасанд шивнэж үзье гэж бодоод байгаа юм. Сонссон хүн итгэхгүй, хараагүй хүн үнэмшихгүй байж ч магадгүй. Дөрөвхөн жилд ганцхан амилдаг алтан загас, бүр алтлаг өнгөтэй жараахайнууд ч гэсэн таны хүслийг үнэхээр биелүүлж чаддаг юм шүү, хараад байгаарай.  Эвдэрхий модон тэвшийг чинь цоо шинэ болгоно гэнэ, тохилог харш ордон суулгаж, хиа, шивэгчин томилно гэнэ, илбэт алтан загас өөрөө албат зарц чинь болж далайсан газар чинь далд орж, далласан газар чинь ил гарч байя гэнэ.

“Их далай”-гаас хуурай сайр дээр хаягдсан хөөрхий алтан загаснууд ийнхүү амаа ангалзуулан цорволзож, далайсан газар чинь далд орж, далласан газар чинь ил гарч ирэх боллоо. Үлгэр хүртэл амар сайхандаа жаргадгийн үлгэрээр алтан загасны амилах цаг харин үүлэн чөлөөний наран үлэмж богинохон хугацаатай гэдгийг санаарай. Нэг л сайхан нартай сайхан өдөр хүслийг чинь биелүүлж, сэтгэлийг чинь татсан алтан загас сүүлээ ганцхан шарваад их далайдаа шумбан эгнэгт эргэж ирэхгүйгээр алга болно. 

Харин та зөвхөн хормын бөгөөд алдаж боломгүй энэхэн богинохон хугацаанд л амжиж хүслээ биелүүлэх хэрэгтэй гэдгийг хатуу санаж байгаарай. Хүндэт өргөн ардынхаа хүслийг биелүүлсэн ч биелүүлээгүй ч хуанлийн нэг л өдөр сүрэг алтан загас их далай руугаа шумбан одно. Тэр үед ч ёстой эвдэрхий тэвш бүү хэлийг танд хялайлгана гэж ч гонжийн жоо шүү дээ. Сүүлээ шарвах мөчлөг тохиохоос нь өмнө амжуулаад хүслээ шивнээд үз. Эвдэрхий тэвшээ ч болтугай шинээр солиулаад амж, таминь ээ.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж