Юань америк долларыг түлхэх үү

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Юань америк долларыг түлхэх үү

“Хонгилын үзүүрт гэрэл харагджээ”

Дэлхийн эдийн засаг аюул заналын сүүдрээс холдож байгаа шинж тэмдэг илэрч эхэлсэн гэж ОУВС-ийн тэргүүн хатагтай Кристин Лагар өнгөрөгч ням гаригт мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар бол тогтворжилтын шинж тэмдэг Евробүсийн болон АНУ-ын эдийн засагт илэрч байгаа гэнэ. Гэхдээ хөгжилтэй орнуудын өрийн хэмжээ болон өсөн нэмэгдсээр байгаа нефтийн үнэ энэ бүхэн учирч болох гол эрсдлийн үндэс болсоор байгаа гэдгийг тэрээр мөн сануулжээ. Хатагтай Кристин Лагар “Дэлхийн эдийн засаг эрүүлжих зам дээр гарсан байж болох ч бидэнд маневр хийх орон зай бага байгаа. Мөн улстөрийн алдаа хийх эрх бүр ч байхгүй” гэж хэлжээ. Түүний үзэж байгаагаар бол эдийн засгийн хямралын эхэн үед авсан хариу арга хэмжээнүүд үр дүнгээ харуулж байгаа нь энэхүү тогтворжилтын шинж тэмдгээр илэрч байна гэсэн бөгөөд АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд бага зэрэг сайжирсны дээр Европын орнууд хямралыг давах чухал алхам хийж чадлаа гэж үзэж байгаа аж.

Хатагтай Лагар хамтын хүч чармайлтын үр дүнд илүү өөдрөгөөр ирээдүйгээ харах боломж олдож байгаа гэдгийг хэлсэн үгэндээ онцолж дурдаад гэхдээ энэ нь эдийн засгийн оролцогчдыг бүүвэйлэхгүй байх учиртай гэж хэлсэн байна. Одоо ч эдийн засаг,санхүүгийн нэлээд төвөгтэй сорилтуудыг туулж гарах эрсдэл бүрэн арилаагүй гэж тэрээр анхааруулж байгаа юм.

Хөгжилтэй орнуудын эдийн засагт учраад байгаа санхүүгийн системийн хайхрамжгүй байдал болон төсөв болоод хувийн секторын өндөр хувь хэмжээ нь энэ хүрээнд учраад байгаа гурван гол эрсдлийн эхнийх нь болж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээс харвал энэ оны эцэс гэхэд Евробүсийн орнуудын төсвийн зарлагын эзлэх хувь болон санхүүгийн хэрэгцээнд зориулсан банкны өрийн хэмжээ зэрэг нь тухайн бүсийн орнуудын ДНБ-ий 23 орчим хувийг эзлэх болж байгаа нь бас л нэг том эрсдлийн шалтгаан болох гэнэ. Дараагийн бас нэг айхтар аюул нь өсөн нэмэгдсээр байгаа нефтийн үнийн өсөлт. Гурав дахь том аюул нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн идэвх энэ оны дунд хугацаанаас саарч ирэх нөхцөл байдал үүсч болохоор байгаа юм байна.   

Дээрхи асуудлуудын зэрэг­цээ залуучуудын дунд өргөжсөөр байгаа ажилгүйд­лийн эсрэг тэмцэхэд анхаарлаа хандуулахыг ОУВС-ийн тэргүүн улс орнуудад уриалсаар байгаа юм. Мөн тэрээр дэлхийн хэмжээнд тогтворжилт бий болсон тохиолдолд цаашдаа энэ байдлыг улам бэхжүүлэхийн төлөө хийж болох бүх төлөвлөгөөг гаргаж авахыг улс орнуудад уриалжээ. Хатагтай Лагарын хэлснээр бол санхүүгийн бүтцийн шинэчлэлээр тордсон тэнцвэртэй уян бодлого болон макро-эдийн засгийн дэмжлэг нь өнөөгийн хөгжилтэй орнуудын эдийн засагт нэн чухал болж байгаа аж. Мөн хөгжилтэй орнууд эдийн засаг санхүүгийн бүтцийн болон бүтэц дэх байгууллагуудын уялдаа холбоог шинэчилж чадвал санхүүгийн хямралаар учирсан хохирлыг нөхөж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой болж чадах гэнэ.

Үнэндээ бол ийм өөрчлөлт реформ хийх нь өнөөдөртөө хямралд их ойрхон байгаа Евробүсийн хөгжилтэй орнуудад нэн даруй хэрэгтэй гээд байгаа болохоос ерөнхийдөө хөгжиж буй болон Монгол зэрэг орнуудын хувьд ч ирээдүйн эдийн засгийх нь гол анхаарч ажил хэрэг болгох зүйл нь болж байгаа аж. Учир нь Евробүсийн хөгжилтэй гэгдэж ирсэн зах зээлийн хямралын үндсэн шалтгаан нь төсвийн өрийн хэт их ачааллаас бий болж байгаагийн дээр маш их халамж, тэтгэвэр, тэтгэлгийн дарамт  гэдэг нь тодорхой болсон. Энэ өнцгөөс харвал уул уурхай гэх мэт өрөөсгөл ганц нэг салбарын хөгжлөөс хамааралтай болчихоод байгаа Монгол зэрэг дөнгөж хөгжих зам дээрээ гарч байгаа орнуудын хувьд аль болох төсвийн хэрэглээнээс үүдэлтэй өр зээлийг багасгасан бодлого барих нь зөв болж байгаа аж. Мөн үүний зэрэгцээ хөгжиж байгаа орнуудын хувьд макро эдийн засгийн бодлогоо нарийвчлан төлөвлөх шаардлага байгаа гэж ОУВС үзэж байгаа юм байна. Энэ нь хөгжилтэй орнуудаас хэт их хоцрохоос сэргийлж эдийн засгийн хэт халалтыг хянахад нь туслах юм байна.

Юанийг хөрвөх валютаар өргөмжлөх нь

Өнгөрсөн долоо хоногт Европын холбоо болон Хятад улс хоорондын ээлжит 14 дэх уулзалт Бээжин хотноо болох үеэр Хятадын юанийг олон улсын санхүүгийн харилцаанд нөөцийн валют болгон ашиглах тухай асуудал нэлээд яригдсан байна. Харин энэ талаар ОУВС-ийн тэргүүний өгсөн тайлбар багагүй сонирхол татаж байгаа аж. Хатагтай Лагард Хятадын улстөрийн болон дэлхийн тэргүүлэх эдийн засгийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Хятадын юанийг дэлхийн санхүүгийн нөөц валют болгох боломж байгаа талаар үг унагасан ч хэд хэдэн томоохон шалгуурыг давах ёстой гэж хэлсэн байна. Тухайлбал, бусдаас илүү тогтвортой ханштай, хөрвөх ханшийн хувьд илүү уян хатан байхын зэрэгцээ санхүүгийн зах зээлийн хөгжлийн хувьд илүү боломжтой байх, мөн хяналт болон зохицуулалтын хувьд маш өндөр чанартай байх зэрэг олон шаардлагыг хангаж чадвал юанийг дэлхийн нөөцийг илэрхийлэгч валют болгож болох юм гэсэн байна.  

Хэрэв дээрх шаардлагуудыг хангаж чадвал юань нь “рен­минби” нэртэйгээр   нөөцийн валютын байр суурийг эзлэхэд ямар нэг татгалзах шалтгаан байхгүй гэж Кристин Лагар хэлсэн байна. Хатагтай Лагар “Хятад улс нь дэлхийн эдийн засгийн хямралын үед эдийн засагт тэргүүлэгчийн байр сууриа харуулж чадсаны дээр тухайн үед маш муу үр дүн гарч болох байсан ч уйгагүй хичээл зүтгэлийн ачаар Хятад эдийн засагтаа өсөлт болон тогтворжилтыг авчирч чадсан” гэж тодорхойлсон байна. Нэг үгээр хэлбэл Хятад улс өөрийн валютыг олон улсын зах зээл дээрхи санхүүгийн нөөцийг илэрхийлэгч болгох гэсэн зорилтоо ямар ч байсан урагш ахиулж эхэлсэн гэж ажиглагчид үзэж байгаа юм. Тэгээд ч ОУВС-ийн тэргүүний бас нэгэн үнэлэлт энэ үйл явцад нөлөөлж эхлэв бололтой. Тэрээр Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтолцоог санхүүгийн хямралд илүү их өртөж хохирохоос хамгаалж чадсан гэж үздэгээ илэрхийлсэн гэнэ. Дэлхийн эдийн засгийг санхүүгийн хямрал нэрвэж байсан 2008 онд Хятад улс дөрвөн их наяд юань буюу 635 тэрбум ам.долларын санхүүжилтийг зах зээлдээ ний­лүүлснээр тухайн үедээ хям­ралаас болж царцчихаад байсан дэлхийн худалдааг гацаанаас гаргаж байсан гэж тэрээр үзжээ.

Түүнээс гадна өнөөгийн Хятадын эдийн засагт гурван давуу тал байна гэж ОВУС-ийн тэргүүн Лагар үнэлж байгаа аж. Түүний хэлснээр бол эхний давуу тал нь Хятад эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаатай холбоотой гэнэ. Хоёрдахь нь Хятад улс эдийн засгийнхаа өсөлтийн чиглэлийг өөрчилж зөвхөн экспортоос хамаардаг байсныг нь өөрчлөн дотоодын хэрэглээний өсөлттэй уялдуулах болсноороо бас нэгэн чухал давуу талтай болж байгааг тэмдэглэжээ. Мөн гурав дахь чухал давуу тал нь ашиг орлогын харьцангуй тэгш хуваарилалтыг хийж чадаж байгаа явдал гэж үзсэн байна. Энэ бүх дүгнэлтийнхээ эцэст хатагтай Лагар Хятад болоод бусад томоохон зах зээлийн удирдлагад байгаа оролцогчид хамтдаа байж чадвал илүү өөдрөг ирээдүйг харж чадна гэж баталсан байна.

Бээжинд болсон Европын холбооны төлөөлөгчид болон Хятадын удирдлагуудын уулзалтын үеэр энэ хоёр том зах зээл хэр зэрэг “хамтрагчид” болох талаар цөөнгүй тоо баримтыг дэлгэсэн байна. Евробүсийн статистикийн гаргасан мэдээллээс харвал өнгөрсөн жилийн эхний 10 сард Евробүсэд багтах 27 орноос Хятад руу гаргасан экспорт өмнөх оных нь мөн үеийнхээс 21 хувиар өссөн дүнтэй байгаа аж. Харин Хятадаас Европын орнуудад орж байгаа Хятадын импорт ердөө тавхан хувиар өссөн гэнэ. Ингэснээр Евробүсийн орнуудын гадаад худалдааны алдагдал 185 гаруй тэрбум ам.доллар байсныг 174.5 тэрбум болтол нь буулгаж чаджээ. Энэ нь өнгөц харвал Хятадын талд алдагдалтай мэт харагдаж байгаа ч нөгөө талдаа Хятадын зах зээл болон юанийн үнэлгээг өсгөсөн нэг үгээр хэлбэл хоёр талдаа ашигтай зүйл болсон гэж ажиглагчид үзэж байгаа юм байна. Мөн Европын холбоо болон Хятадын хоорондхи гадаад худалдааны эргэлт өмнөх оноосоо 18.3 хувиар өсч 567 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна. Энэ мэт эерэг худалдааны харилцаа нь Хятадын валютыг олон улсын хэмжээнд нөөцийн валют болгох замыг засч өгч байгаа ажээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж