Францын Тулуза хотод орших Еврей сургууль руу моторт дугуй унасан этгээд гал нээсний улмаас гурван хүүхэд, нэг багш амиа алджээ. Тус хотын зүүн хойд зүгт орших Озар Хатора гэх сургуулийн гадна болсон халдлагын улмаас өөр нэг хүү хүнд шархадсан байна. Дээрх аймшигт хэрэг өглөө ажил, сургууль цуглах үеэр болжээ. Хэргийн золиос болсон багш 30 орчим настай, амиа алдсан гурван хүүхдийн хоёр нь тэрхүү багшийн хүүхдүүд байсан бололтой. Нөгөө хүүхдийн тухайд 8-10 настай, мөн тус сургуулийн нэг багшийн хүүхэд байсан тухай Францын хэвлэлээр мэдээлж байна. Харин хүнд бэртсэн хүүгийн тухайд 17 настай аж.
Буугаар зэвсэглэсэн этгээд том хүн, хүүхэд гэлтгүй харсан зүг рүүгээ шүршиж байсан тухай тус хотын цагдаагийн ажилтан ярьжээ. Тулуза хотын “La Depeche” сонинд мэдээлснээр буутай этгээд хоёр ч галт зэвсэгтэй байсан гэнэ.
Цагдаагийн байгууллагаас алуурчныг олохоор Тулуза хотын хэмжээнд эрэл хайгуул эхлүүлсэн бөгөөд Франц дахь бүхий л еврей сургуулиудын харуул хамгаалалтыг чангатгажээ.
Т.МАША