“Уул уурхайн ханган нийлүүлэлтийн тухай цогц форум нь улс орны нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа холбоог нэмэгдүүлэх ач холбогдолтой” хэмээн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун онцолж байна.
Уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум хурлын танхимд асуудлуудыг хэлэлцэхээс гадна үзэсгэлэн болсон юм. Үзэсгэлэнд нийт 26 аж ахуй нэгж баяжуулах тоног төхөөрөмж, металл хайгч, ажлын хувцас, тоноглол, эмнэлгийн багаж хэрэгсэл, хөдөө газарт нэн хэрэгцээтэй холбоо барих станц буюу холын холбоог танилцуулсан байгаа. Уул уурхайн ханган нийлүүлэлтийн тухайд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих асуудлыг чухалчилж байгаатай холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Ц.Ням-Осороос дараах асуултад хариулт авлаа.
-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн өнөөгийн дүр зураг ямар байна вэ?
-Уул уурхай ерөнхийдөө хөгжиж байгаа ч уул уурхайн бараа бүтээгдэхүүний ханган нийтүүлэлтийн байдал анхан шатны хэмжээнд л байна. Энэ процесст буюу ханган нийлүүлэх явцад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулах хэрэгтэй. Энэ нь амьдрал дээр удаашралтай байгаа асуудал юм.
-Уул уурхайн салбарт жижиг, дунд үйлдвэрлэлийг татан оруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалттай болон уул уурхайн том компаниуд гэрээндээ буюу ханган нийлүүлэлийн сүлжээндээ ийм нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээс авна гэсэн заалтыг тусгаж өгмөөр байгаа юм. Ингэхдээ нэр төрөл, тоо ширхэгээр нь, хугацаатай зааж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, манай жижиг, дунд бизнесийнхэн ихээхэн хэмжээний захиалгын барааг өөрсдөө чанарын шаардлага хангасан байдлаар нийлүүлж чадахгүй байна. Тиймээс уул уурхайн ханган нийлүүлэлтийн шатанд жижиг, дунд бизнесийнхэн тэр бүр орж чадахгүй байгаа болохоор ажиллах хүч, чанарын баталгаагаа сайжруулах зайлшгүй шаардлага бий. Гуравдугаарт, ямар бүтээгдэхүүнийг хэдий үед ханган нийлүүлэх үү гэдэг мэдээлэл хомс байна. Ийм мэдээллээр хангаж байх хэрэгтэй л дээ. Үүний тулд компаниуд хэрэгцээ шаардлагаа нийтэд дэлгэх, хамтран ажиллах орон зайгаа ил болох шаардлагатай юм.