
Тэгвэл өнөөдөр энэ талаар Японы “The Japan times” сайтад БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Японы асуудал хариуцсан Элчин сайд Сон Ил Хо хулгайлагдсан иргэдийн асуудал эрхэлсэн сайд асан Хироши Накайн зөвлөх, Японы их сургуулийн профессор Садаки Манабэтэй өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотноо уулзсан талаар мэдээлсэн байна. Тус сайтад мэдээлснээр Хироши Накай энэ уулзалтад ирж чадаагүй учраас Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэд, тэдний ар гэрийнхэнд туслах асуудлыг хэлэлцэхээр Такашоку их сургуулийн профессор Садаки Манабэ ирсэн хэмээн уг мэдээлэлд онцолжээ.
Түүнчлэн “Хоёр тал Солонгос иргэнтэй гэр бүл болж, 1959 онд БНАСАУ руу цагаачлан гарсан Япон эмэгтэйчүүд болон тэдний хүүхдүүдийг эх оронд нь түр хугацаанд авчрах, 1970 онд нисэх онгоцтойгоо барьцаалагдсан Японы иргэнийг солилцох асуудлаар санал солилцсон гэнэ. БНАСАУ-ын албаны төлөөлөгч Сон Ил Хо дээрх уулзалтыг Японы талтай байгуулсан албан ёсны хэлэлцээ биш гэж мэдэгдсэн юм. Учир нь профессор Садаки Манабэ Японы Засгийн газрын төлөөлөгч ч биш, бас улс төрч ч биш гэжээ. Японы Төсвийн хорооны төлөөлөгчдийн танхимын дарга Хироши Накай Тайваниар дамжин Монголд айлчлахаар төлөвлөж байсан боловч сөрөг хүчнийхэн эсэргүүцсэн учраас айлчлалаа цуцалжээ. Японы профессор Манабэ өмнө нь Накайг Умард Солонгосын төлөөлөгч Сон Ил Хотой нууцаар уулзахад дагалдан явж байжээ” хэмээн уг мэдээлэлд дурьдсан байна.