Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Монголдоо сайхан аялцгаая” уриатай үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ. Монгол орны үзэсгэлэнт байгалийг гэрэл зургийн хальснаа буулгасан өвөрмөц бүтээлүүд Соёлын төв өргөөний үзэсгэлэнгийн танхимыг чимээд байна. Нийт 130 гаруй бүтээл тавигдсанаас зарим нь хүү А.Тулгынх нь бүтээл аж. Н.Алтанхуяг даргын хэлснээр бол дунд сургуулийн ахлах ангийн сурагч байх үеэс гэрэл зураг сонирхох болсон. Улмаар 1990-ээд оноос гэрэл зураг авч эхэлжээ. Хоббидоо хөтлөгдсөн тэрбээр Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялал хийх бүрдээ байгалийн өвөрмөц содон “бүтээлүүдийг” гэрэл зургийн хальснаа буулгаж явсан нь өнөөдөр ийнхүү үзэсгэлэн гаргах хэмжээний болж өргөжсөн байна. Харин энэ удаад бүтээлүүдээ олны хүртээл болгож буй нь Монгол хүн Монголдоо сайхан аялал хийх боломжтойн дээр Монголдоо сайхан амьдрах ёстой гэдгийг бүх нийтэд уриалж буй ажээ. Нэг зүйлийг онцолход байгалийн үзэсгэлэнт газруудаар аялал хийхэд стресс тайлагдаж, тэр хэрээр тайвшрал авдаг тухай Н.Алтанхуяг дарга үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр онцолсон шүү.
“Монголдоо сайхан аялцгаая” уриатай үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал олны хүртээл болно.
Г.Дарь