Кубад эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Кубад эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэв

Кубын Гавана хотод улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардсан эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Долоо хоногийн  дараа тус улсад айлчлах Ромын пап XVI Бенедиктийн айлчлалын өмнө цагдаа нар эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүн хэдэн арван эмэгтэйчүүдийг баривчилсан байна. Цагаан хувцас өмсөн жагссан эмэгтэйчүүд тус улсад коммунист эрх баригчдын дарамт шахалт улам нэмэгдэж буйг эсэргүүцжээ. Харин Кубын Засгийн газар эсэргүүцлийн хөдөлгөөнийг АНУ санхүүжүүлж, далдуур өдөөн хатгаж байна гэж буруутгасан байна. Өнгөрсөн бямба гаригт болсон эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүн 19 эмэгтэйг цагдаа нар баривчилжээ. Тэдний гурвыг нь ямар ч ял зэмгүйгээр суллан явуулсан гэнэ. Харин ням гаригийн өглөө цагдаа нар Гавана хотын төвд жагсаал хийсэн 36 хүнийг баривчилсан аж. Гэрчүүдийн мэдээлснээр жагсагчдыг энгийн хувцастай цагдаа нар дугааргүй автобусанд суулган ачиж явсан гэнэ. Гэвч тэднийг хэдэн цагийн дараа суллан явуулжээ. Ажиглагчдын бичиж буйгаар Ромын папын айлчлалтай холбоотойгоор тус улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид ийнхүү босч эхэлж байгаа аж.  Гэвч Кубын тэрс үзэлтэн, улс төрийн хоригдол асан Ангел Мойа папын айлчлал Кубын арал эрх чөлөө авчрахгүй гэж мэдэгджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж