МАН-ын Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү УИХ дахь МАН-ын бүлгийн хэд, хэдэн гишүүдэд сануулах бичиг хүргүүлжээ. Эх сурвалжийн мэдээллээр бол энэ нь бараг нууцын зэрэглэлд хамаарах бололтой. Тус бичигт тодотгосноор “Улс төрийн болон намын албан тушаалд сонгогдож, томилогдсон МАН-ын гишүүн намын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ намын дүрмийг чанд сахин биелүүлж, аливаа асуудлыг нам дотроо дэвшүүлэн тавьж олонхи нь дэмжсэн шийдвэрийг дагаж биелүүлэх учиртай. МАН УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцох бэлтгэл ажлаа хангаж байгаа энэ үед өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа өгч байгаа ярилцлага, нийтлэлүүд нь намын нэр хүнд, эв нэгдэл, намын эрх ашигт сөргөөр нөлөөлөх хандлагатай байх тул дахин дээрх үйлдэл гаргахгүй байхыг анхааруулан зөвлөж байна” гэжээ.
Дээрх сануулах бичиг авсан гишүүд харин маргаашийн дотор багтааж хариу өгөх ёстой аж. Ингэхдээ цаашид намтайгаа тэрсэлдсэн хэвээр байх уу, эс бөгөөс сануулгыг ёсчлон биелүүлэх үү гэдгээ намынхаа Ёс зүйн дэд хороонд хүргүүлэх учиртай гэнэ.
С.НАРАН