“Сонгуулийн бэлтгэлд анхаарлаа хандуулж байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

“Сонгуулийн бэлтгэлд анхаарлаа хандуулж байна”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныхон УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавилаа. Энэ үеэр тус байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас дараах тодруулгыг хийлээ.

-Намрын чуулганаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан ч Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар баталж чадаагүй. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “УИХ-ын хувьд бүх боломж шавхагдсан учраас хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулахаас өөр гарц алга” гэж мэдэгдээд байгаа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр хуучнаар нь үлдээх юм бол Үндсэн хуулийн заалт зөрчигдөнө. Мөн хоёр сонгуулийг хамтад нь явуулснаар сонгуулийн хороод нь өөрөөр байгуулагдах болж байгаа. Жишээ татахад, УИХ-ын  сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо нь тойргийн хороо, хэсгийн хороог  байгуулдаг бол Орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид орон нутгийн сонгуулийн хороогоо байгуулна. Хэсгийн хороог сум, дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид  байгуулна. Сонгуулийн хэсэг нь тус тусдаа. Сум, дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид  УИХ-ын болон орон нутгийн санал авах байрыг тогтоодог. Тэгэхээр сонгуулийг нэг байранд цуг авах юм уу. Хэрвээ цуг авбал хоёр өөр сонгуулийн хороо сууж байрлах уу.  Сонгогчид эхлээд УИХ-ын сонгуулийн сонголтоо, дараа нь орон нутгийн хурлын төлөөлөгчөө сонгоод явах юм уу.  Автомат санал тооллого нь нэг байх уу, тус тусдаа байх уу. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар автомат санал тоолох нь тусдаа байгаа. Аймаг, нийслэлийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн хороог салгаж байрлуулах уу.  Энэ мэт олон асуудал байна.

-Тэгвэл хаврын чуулган эхлэнгүүт Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийнхөө хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд энэ мэт зөрчлийг нь арилгаад хоёр сонгуулиа зэрэг хийчихэж болох нь тийм үү?

-Хоёр сонгуулийг хамт явуулдаг улс орон бол бий л дээ. Гэхдээ нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэдгээр орнуудын парламентын төлөөлөгчид нь олон, сонгуулиа дан пропорциональ системээр явуулдаг. Тиймээс ямар нэг зөрчил гардаггүй. Мөн эдгээр оронд сонгуулийн нэг хороо байгуулаад, нэг байранд саналыг нь авдаг. Харин манай одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар сонгуулийн хорооны байр нь тус тусдаа. Хэрвээ энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулахаар шийдлээ гэж бодъё. Тэгвэл сонгууль явуулах хугацааг сунгах шаардлагатай болно. Сонгуулийн сурталчилгааны хугацаа мөн сунгагдана. Өнөөдрийн байдлаар хоёр намын бүлэг сонгуулийг хамтад нь явуулах асуудалд ойлголцолд хүрч чадаагүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг салгаж явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоо байгаа хуулиар сонгуулийг явуулна  гэхэд  төвөгтэй байна шүү дээ.

-Цахим үнэмлэх хэвлэх ажил ямар шатанд яваа бол. Байнгын хорооны зүгээс мэдээлэл авч байгаа юу, холбогдох газруудаас мэдээлэл авч байгаа юу? 

-Цахим үнэмлэх олгох бэлтгэл ажил явагдаж байна. Хуулийн биелэлтийг хангаж ажиллана. Цахим үнэмлэхийг хугацаанд нь олгож дуусгана гэж байгаа. Сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн үед энэ ажил зэрэг явагдана. Ямартай ч сонгуулийн санал хураах өдөр гэхэд иргэдийн цахим үнэмлэх эзэддээ очсон байна гэсэн. Цахим үнэмлэхжүүлэх ажлын явцыг тухай бүрт өгч байна.

-Чуулганы завсарлагааны хугацаанд байнгын хороо ямар асуудалд илүү анхаарал хандуулж ажиллаж байгаа вэ?

-Бид УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж байна. УИХ-ын дарга Сонгуулийн ерөнхий хорооны Удирдах зөвлөлтэй уулзаж тодорхой чиглэл, үүрэг өгсөн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй дотоод хэргийн сайдаас сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл авсан. Бид  ойрын хугацаанд бэлтгэл ажлыг хангуулах тал дээр анхаарлаа хандуулж ажиллана. Орон нутгийн хурлын сонгуулийн ажлыг хараахан бэлтгэж чадаагүй. Цаг хугацааны хүчин зүйл байгаа учраас зохицуулалт хийнэ. Э.Бат-Үүл нарын гишүүн Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулбал зөрчилтэй байгаа асуудалд нь өөрчлөлт оруулаад болно гэж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд Орон нутгийн сонгуулийг явуулах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын ням гаригт гэж заасан бол УИХ-ын сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн сүүлийн хагасын долоо хоногийн ажлын өдөр гэж заасан. Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд зохицуулалт хийхгүй бол хууль зөрчих юм л даа. 

-Та УИХ-д хуулийн төсөл өргөн барина гэж байсан. Ямар агуулгатай төсөл юм бэ?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгийг бүрдүүлнэ гэсэн хуулийн төслийг бэлэн болгосон. Удахгүй УИХ-д өргөн барина. УИХ-ын удирдлагууд томилолтоор хөдөө ажиллаж байгаа учир түр хугацаагаар хойшлуулсан. Ер нь хуулийн төслийг Засгийн газрын тухай хуульд оруулан баталж, ирэх парламентаас мөрдөж эхлэх шаардлагатай байгаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж