Барилгын компани “тэжээвэл” үнэ хөөрөгддөг юм байна

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Барилгын компани “тэжээвэл” үнэ хөөрөгддөг юм байна

100 мянган айлыг асар хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орчин үеийн орон сууцтай болгох эрх баригчдын цаасан дээрх хөтөлбөр энэ долоо хоногоос бодит амьдрал дээр хэрэгжиж эхэллээ. Улаанбаатарын гэр хороололд 180 орчим мянган өрх амьдардаг, түүхий нүүрсний утааг  нийслэлийнхэн бүгдээрээ амьсгалж, хордож байгаа. Тоон утгаараа бол 180 мянган яндангийн тэн хагасаас илүүг нь “ажил”-гүй болгох энэхүү хөтөлбөрийн ач холбогдол, нийгэмд үзүүлэх хөгжлийн нөлөөлөл нь маш том юм. Шинээр эхлүүлж байгаа ажил болгон араасаа хардлага, хэл ам дагуулдаг бичигдээгүй хуулийг 100 мянган айлын орон сууц хөтөлбөр тойрсонгүй. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын гадаа анх удаа орон сууц худалдан авч байгааг батлах лавлагаа авахыг хүссэн хүмүүсийн дараалал өдөр ирэх тусам уртассаар. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр хувьдаа орон сууцтай болох алтан боломжийг хэн ч алдахыг хүсэхгүй. Тийм ч учраас зээлийнхээ материал, урьдчилгаа мөнгийг бэлдээгүй, орох байрныхаа сонголтыг хийгээгүй шахам байж лавлагаан дээр хэдэн зуугаараа дугаарлаж байгаа байх. Хаврын урь орж, цаг ч наашилж байна. Гэхдээ орон сууцны эрэлтийг гэнэт ингэж өсгөх нь эргээд муу үр дагавартай гэдгийг хүмүүс одоохондоо анзаарах сэхээгүй байх шиг. Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй, урт хугацаатай орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарлаад ганцхан сар ч болоогүй байхад байрны үнэ, барилгын компаниудын боссуудын харц хоёр тэнгэр рүү цойлоод явчихлаа. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, тэр дундаа Зайсан толгой орчмын хорооллын байруудын ам метр нь 2200 ам.доллараар хэмжигдэх боллоо. Нэг ам метр талбайн үнэ нь 1.6 саяас доош үнэ дуулдахаа болив. Энэ бол Төрийн албан хаагчдын 4000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байх үеийнхээс даруй хоёр дахин нэмэгдсэн ханш. өсөлт цаашид ч нэмэгдэх хандлагатай боллоо.

100 мянган орон сууц гэдэг бол хавартаа хальт гаргаж олны нүд хуураад дуусдаг нөөцийн мах биш гэдгийг хаа хаанаа ойлгомоор байна. 100 мянган орон сууц хөтөлбөр бол дунд, урт хугацаанд үр дүнгээ өгөх нийгмийн шинж чанартай хөтөлбөр гэдгийг анхнаас нь сайн тайлбарлахгүй бол үнийн солиорол дээд цэгтээ хүрэх аюултай. Хаврын тарчиг цагаар үнээ нэмж хэрэглэгчдээ хорлодог худалдааны бохир аргад барилгын компаниуд ч татагдан орлоо. 100 мянган орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх нь энэ жил болохоос дуусах хугацаа нь 2016 оноор огноологдсон. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны мэргэжилтнүүдийн тооцож гаргаснаар зохих зөвшөөрлөө авсан, барилгын ажлаа эхлүүлсэн, эсвэл ойрын хугацаанд эхлүүлэхээр тооцсонуудыг нийлүүлээд тооцохоор 110 мянган орон сууцны бэлэн нөөц байгаа ажээ. Арай алсын бодлогоор тооцоолбол 200 мянган айлын орон сууц босгох потенциаль байгаа учраас хүн амаа хүү багатай, урт хугацааны зээлээр орон сууцжуулах бодлого цаашид ч үргэлжилнэ. Чилийсэн дөрвөн жил ард байхад бүгдээрээ өнөөдөр л амжуулах гэж хонон өнжин дугаарлаж зүтгээд байвал үнэ хөөрөгдөхөөс өөр сайн зүйл болохгүй. Эхний ганц нэг жилдээ хүлээцтэй хандвал алсуураа хөтөлбөрийн зарим нэг шалгуур зөөлөрч, илүү уян хатан болох магадлал өндөртэй гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Арилжааны банкин дээр очоод орлогоороо гологдоод доголон нулимстай буцаж байгаа залуу гэр бүлийнхэн хоёр жилийн дараа байраа хөөцөлдвөл цалин пүнлүү ч юу болоо билээ. Өнөөдрийнхөөс лав л дээр байх нь тодорхой. Эрэлтийн огцом “халуун” буурахаар байрны үнэ ч дагаад унана.

Өнгөрсөн дөрвөн жилд засгийн мөнгөөр угжуулсан барилгын компаниуд хөтөлбөр хэрэгжүүлэх сургаар үнээ нэмээд шог л байгаа байхгүй юу. 2008 оны сонгуулийн дараа болсон санхүүгийн хямралын үеэр энэ хэдэн барилгын компани хэцүүдэх нь гээд өчнөөн тэрбумын дэмжлэг, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлсэн. 40 мянган орон сууц, төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц гээд сүүлийн найман жилд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд үндэсний барилгын компаниудыг эрвийх дэрвийхээр нь дэмжсэн дээ. Харин тэгтэл тэжээсэн бяруу тэрэг эвддэг гэдэг шиг барилгын компаниуд орон сууцны үнийг хөөрөгдөж хэрэглэгчдэдээ “бэлэг” барихыг үзлээ. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар орон сууцны нэг ам метр талбайн үнийг 25 хувийн ашгаа нэмээд 650 мянгаар үнэлэх боломжтой гэдэг. Өөр нэг судалгаагаар 25 хувийн ашгаа шингээгээд тооцоход ам метр талбайг 850 мянгаар үнэлж худалдах бүрэн боломжтой гэсэн дүн гарсан байдаг. Эндээс харахад барилгын компаниуп төрөөс үзүүлж буй элдэв хөнгөлөлт, дэмжлэгийг алга тосон авдаг хэрнээ хүн амаа орон сууцжуулах замаар наад зах нь агаарын бохирдлоос салах гэсэн хөтөлбөрт ингэж л хоноцын сэтгэлгээгээр, ашгийн төлөө улайрсан байдлаар хандаж байна. Үнэндээ бол чөлөөт зах зээлд шилжсэн 20 жилд монголчууд нэг талаас арилжааны банкны хэт өндөр хүү, нөгөө талаас барилгын компаниудын даварсан өндөр үнэ хоёрыг давж гараагүй. Тиймээс хүн амын 20 хүрэхгүй хувь нь орон сууцанд амьдарч, бусад нь түүхий нүүрсний утаанд уушги, дээл хоёроо нэвт цоргиулж амьдарч байгаа шүү дээ. Тайланд зэрэг оронд төрийн мэдэлдээ Орон сууцны банк байгуулж мөнгө босгох, урт хугацаатай, хүүгийн дарамт багатай зээлээр иргэдийнхээ асуудлыг хүндрэлгүй шийдэж байгаа сайн жишээ бий. Хэрэв арилжааны банкууд, барилгын компаниуд ингэж хүнийрхээд, зөвхөн ашгаа урьтал болгоод байвал төрөөс Орон сууцны банк байгуулдаг тогтолцоог Монголын онцлогт тохируулан нутагшуулсан ч болохгүй гэх газаргүй.  

Б.Түвшинтөгс

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж