Цэцэг сумыг интернэтэд холбоно

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Цэцэг сумыг интернэтэд холбоно

Гуравдугаар сарын 18-22-нд Ховд болон Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллахаар нийслэлээс мордсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр Ховд аймгийн Цэцэг сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-аар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулсан бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн орон нутгийн хэмжээнд хийсэн ажлаа тайлагнасан байна. Иргэдийн хувьд Цэцэг сумын спорт заал, сумын сургуулийн дотуур байр болон хүүхдийн цэцэрлэгийн байр хуучирч, муудсан тухай хэлж байв. Харин төр, засгийн төлөөллийн зүгээс спорт заалны засварт 50 сая, сургуулийн дотуур байранд 80 сая, хүүхдийн цэцэрлэгийн байрыг засварлахад 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэх боломжтой тухай дуулгасан байна. Түүнчлэн Баг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бас тус бүрт 4,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэнэ. Цэцэг сумын тухайд таван багтай тул дээрх хөтөлбөрийн хүрээнд 20,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх ажээ. Уулзалтын үеэр ярьсан бас нэг асуудал нь сумыг интернэттэй холбох асуудал байв. Сумын төв болон багийн төвийг интернэттэй холбох хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын дарга сумын иргэдэд дуулгалаа. Иргэдийн зүгээс УИХ ба орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах, долдугаар сарын 1-ний гэх тодотголтой цагдаагийн дарга нарыг шүүх хурлын талаар санал, бодлоо хэлж, ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг хэдийд, ямар байдлаар олгох талаар асууж байлаа.

УИХ-ын дарга болон түүнийг дагалдан яваа УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид Цэцэг сумаас гарч, Мөст сумыг зорилоо.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж