Шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо гадаадад томилолттой тул шүүх хуралд хүрэлцэн ирээгүйгээс асуудал ундарсан. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг тасалдуулахгүй, цаг хугацаанд нь явуулахын тулд Г.Ганбаатарын хэргийг тусад нь шийдвэрлэхээр болсон ч бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч эсэргүүцсэн юм. Бүр сүүлдээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзснаар хурал үргэлжлэх боломжгүй болов. Энэ үеэр уг хэрэгт шалгагдаж буй О.Зоригт шүүх бүрэлдэхүүнд үл хүндэтгэлтэй хандсанаас тэднийг цагдан хорих шийдвэр гаргажээ. Цагдан хорих шийдвэрийг сонссон цагдаагийн дарга нарын даралт ихэсч, гадаа жагсч байсан энгийн иргэд, дүрэмт хувцастай цагдаа нарын уур омог улам бадрав. Энэ үеэр “Хэрэв цагдан хорьвол цагдаа нар ажил хаяна, бослого гаргана” гэх яриа ч гараад амжсан. Шүүгч алхаа цохиж, цагдан хорих шийдвэр гаргасан л бол тэд маргаангүй цагдан хорих 461 дүгээр анги руу ачигдах ёстой байлтай. Гэвч тэгсэнгүй. Дараагийн шатанд давж заалдсан, шүүгчийн захирамжийг хүчингүй болгохыг хүлээж байна, эмч эрүүл мэндийн байдлыг нь үзэж байна гэсээр гурван цаг хүлээлгэсний эцэст цагдан хорих шийдвэрийг эсэргүүцсэн гомдлыг хэлэлцээгүй, эхний ээлжинд цагдаагийн дарга нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан эмнэлэгт хүргэхээр болсон юм. Гэхдээ цагдан хорихын эмнэлэг биш, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт тэднийг хүргэсэн байгаа.
Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарын даралт ихэсч, сахарын өвчин нь сэдэрсэн гэсэн тайлбарыг холбогдох хүмүүс өгч буй. Шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар шүүх цагдан хорих шийдвэр гаргасан нь хууль бус гэх үгийг байнга давтах ч О.Зоригт шүүх бүрэлдэхүүнийг үл хүндэтгэх байдал гаргасан нь цагдан хорих үндэслэл болжээ.
Цагдаагийн дарга нарыг эмнэлэгт хэвтүүлсний маргааш гуравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн болохоо шүүгдэгчдийн өмгөөлөгчид мэдээлсэн. Гэхдээ дараагийн шүүх хурал болох хүртэл Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт цагдаагийн хяналтад “хориод” байгаа.
Одоо хамгийн чухал асуудал бол шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд яах вэ гэдэг асуудал. Гэхдээ одоогоор шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх эсэх нь тодорхойгүй байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч хүлээж авбал шинэ бүрэлдэхүүнийг томилно. Ингэсэн тохиолдолд шинэ бүрэлдэхүүн 30 гаруй хавтаст хэрэгтэй эхнээс нь танилцах шаардлага гарна. Хэрэв шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл дараагийн шүүх хурлын тов удахгүй тодрох учиртай. Хэрэв шүүх бүрэлдэхүүнийг шинээр томилвол дараагийн шүүх хурлын тов гарах хугацаа мэдээж хэрэг сунжирна. Энэ хугацаанд эмнэлэгт “хоригдож” буй цагдаагийн экс дарга нарын бие сайжирсан ч хэвтүүлсээр байх уу, эмчилгээний дууссан ч эмнэлгийн ор “бөгөлсөөр” байх уу гэдэг асуудал одоогоор бол хариултгүй л байна.