Тухайлбал, УИХ-аас УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар ирэх зургадугаар сард болох сонгууль холимог системээр буюу можаритор давамгайлсан пропоцианаль агуулсан тогтолцоогоор болох гэж байна. Мөн саналын хуудсыг автомат машинаар уншуулна. Ингэснээр саналын хуудсыг хувилдаг, өөрсөддөө ашигтай байдлаар тоолж сонгуулийн үр дүнг будилаантуулдаг гэх мэт өнгөрсөн хугацаанд маргаан дагуулж ирсэн асуудлууд цэгцрэх боломжтой болгосон юм. Мөн сонгогч нэг удаа саналаа өгнө. Цахим үнэмлэхийг ашигласнаар иргэн саналаа өгсөн шууд тодорхойлох боломжтой. Үр дүнд нь сонгууль шударга явах боломж бүрдэж байна. Өмнөх сонгуулиудад иргэд 2-3 удаа саналаа өгч, санал хураалтын дүнг будилуулж байна гэх гомдол тасардаггүй байсан юм. Мөн нэр дэвшигчид сонгогчдыг татахын тулд элдэв спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сонгогчдод гурил будаа тараах зэргээр дулдуйдаж, саналыг нь авахыг хуулиар хориглоод байгаа билээ. Энэ бүхэн нь эцсийн дүндээ сонгуулийг булхай луйваргүй шударга явуулах боломж олгоод байгаа юм гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга онцоллоо.
Харин ээлжит бус чуулганы хугацаанд тус байнгын хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийн дагуу Сонирхлын зөрчлийн тухай хуулийг авч хэлэлцээд хугацааг нь тавдугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр болж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна.