Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны гэрээнд 42 орон нэгдсэний нэг нь Канад улс юм байна. Тус гэрээнд аль нэг оронд үйл ажиллагаа явуулж буй компани тус улсын хуулийг сахих тухай тодорхой заалт байдаг аж. “Centerra Gold Inc” гол мөрний эх, ойн сав газар уул уурхайн хайгуул, олборлолт явуулахыг хориглосон Монгол улсын хуулийг зөрчиж, Гацуурт голын эхэнд хэдийн олборлолт явуулж эхэлсэн хэмээн гомдол гаргаж буй ТББ-ууд үзэж байгаа гэнэ.
Гол мөрөн, ойг хамгаалах тухай хуулийг 2009 онд баталсан бөгөөд 2010 онд Монголын Засгийн газар уул уурхайн ашиглалтын 254 лицензыг цуцалсны нэг нь Гацуурт төслийг хэрэгжүүлж буй “Centerra Gold Inc”-ынх байжээ.
Тус компани өнгөрсөн оны сүүлчээр “Бороо”-гийн алтны орд дахь олборлолтыг дуусгаж, Гацуурт руу хүнд даацын авто машинаар тээвэрлэлт явуулах 55 км зам тавьсан байна. 2010 онд тус компанийн удирдлагуудад ордын ашиглалтын лицензийг цуцлах тухай хоёр удаа сануулга явуулахад үйл ажиллагааг түр зогсоох ёстой байсан боловч 2011 оны долдугаар сард эцсийн шийдвэр гарах хүртэл олборлолтыг эрчимжүүлж байсан талаар “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Оюутолгойн хяналт” ТББ мэдээлсэн байна. Гацууртын оршин суугчид “Centerra Gold Inc” компани ой модыг нь огтолж, газарт тэсэлгээ явуулснаас голын ус химийн бодист хордож, усыг унданд хэрэглэх аргагүй болсон талаар мэдээлэх болсон юм. Голын ус бохирдсоноос нутгийн иргэдийн дунд арьсны өвчин дэлгэрч, мал хордож эхэлжээ. Гацууртын төмрийн хүдэр хүнцэл ихээр агуулсан тул ус бохирдуулах аюултай талаар “Centerra Gold Inc” хайгуулын судалгааны тайландаа бичсэн байжээ. АНУ-ын Саутвест судалгаа, мэдээллийн төвийн шинжээчийн хэлж буйгаар Гацуурт дахь олборлолтыг цаашид үргэлжлүүлвэл гүний усны бохирдол улам нэмэгдэх гэнэ.
Эх сурвалж: www.miningwatch.ca