“Баг хорооны иргэдийн нийтийн хурлын дэг” хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

“Баг хорооны иргэдийн нийтийн хурлын дэг” хэлэлцүүлэг болов

Төрийн болон орон нутгийн засаглалын бүх түвшинд иргэдийн оролцоог хангах, төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Монгол Улсад шууд ардчиллын үндэсний тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын дэг” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Монголын баг, сумдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Ш.Бямбаа, “Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын өнөөгийн байдал”, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Н.Отгончимэг “Баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэх асуудал”, Удирдлагын академийн багш Б.Баясгалан “Төсвийн харилцаанд иргэдийн оролцоог хангахад анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус илгэл тавьж, судалгааны дүнг танилцуулав. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын  зөвлөх Л.Дашдорж, Баянгол, Налайх, Сонгино Хайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид, хороон засаг дарга, хэсгийн ахлагч нар оролцож тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал бодол, байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсгүүд “Сумын үлгэрчилсэн дүрэм”, “Сумын хөгжлийн сангийн үлгэрчилсэн дүрэм”, “Нийтийн хурлын зар түгээх журам, “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны үлгэрчилсэн дүрэм”-ийн төслүүдийг боловсруулан ажиллаж дээрхи дүрэм журам, стандарт баримт бичгүүдийн төслүүдийг, Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аар хэлэлцүүлж  олон нийтийн шүүлтүүрээр оруулах  бөгөөд  аймаг, орон нутагт байгуулагдан үйл ажиллагаа  явуулж буй “Иргэний танхим”-ууд тухайн асуудлыг орон даяар нэг зэрэг нэг өдөр, нэг цаг мөчид хэлэлцүүлэн гарсан санал, дүгнэлтүүдийг эцсийн хувилбарт тусгах юм байна.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж