Гэхдээ БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Японы асуудал хариуцсан Элчин сайд Сон Ил Хогоос дээрх хэлэлцээтэй холбоотой асуудлаар асуулт тавихад “Японы талтай хэлэлцээ хийсэн гэж ойлгож байгаа бол буруу. Японы Засгийн газрыг төлөөлж хүн ирээгүй. Би хувьдаа таньдаг хүнтэйгээ уулзсан. Энд ямар нэгэн сэдэв, хэлэлцээ байгаагүй. Харин дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхчихаад ирж байна. Гэхдээ эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсанаас өөрөөр эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ажил хэргийн яриа хийгээгүй” гэсэн тайлбар хийсэн юм.
Эх сурвалжуудаас авсан мэдээллээр бол энэ удаагийн хэлэлцээгээр талууд хоёр улсын дунд дэлхийн хоёрдугаар дайны дараагаас үүдэлтэй асуудлууд дээр ойлголцож, урагшлуулах ёстой байсан ч чадаагүй. Хэлэлцээний төгсгөлд хэн хэн нь “Жил ирэх тусам асуудал улам мухардалд орж хүндэрч байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн” гэх мэдээлэл байна. Харин Монгол Улсын хувьд хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан засаглалтай орны хувьд дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр орны дунд үүссэн тухайлбал, хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудал зэрэг хэд, хэдэн зүйл дээр Япон болон Хойд Солонгос хэлэлцээг үргэлжлүүлж, урагшлуулах боломжийг олгох үүднээс өөрийн оронд энэхүү хэлэлцээ хийхийг нь хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл бас байна.