“Түвдийг чөлөөл” хөдөлгөөн тэмцлээ зогсоохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

“Түвдийг чөлөөл” хөдөлгөөн тэмцлээ зогсоохгүй гэв

“Түвдийг Хятадаас чөлөөл” хөдөлгөөний гурван лам Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байрны гадна өлсгөлөн зарлаад, өнөөдөр 26 дахь хоног дээрээ хүрч байна. Өлсгөлөн зарласан эрх чөлөөний төлөө тэмцэгч гурван залуугийн хамгийн ахмад нь болох Доржэ Гялпо хөл дээрээ гишгэж чадахгүй болтлоо сульдаж, Шинза Ринбүчи, Йеши Тэнин нар нүднээс гартлаа турж эцсэн талаар Түвдийн Залуучуудын Конгрессын гишүүд өөрсдийн “Tibettruth” сайтдаа бичсэн байна. Түвдийн ард түмэнд шударга ёс, эрх чөлөөг авчрахаар НҮБ-ын дэмжлэгийг хүсч буй гурван тэмцэгч Ерөнхий нарийн бичгийн даргад дараах хүсэлтийг албан ёсоор явуулсан юм. Үүнд,

  1. Түвдийн нөхцөл байдлыг нүдээр үзэх төлөөлөгчдийг тийш нь явуулах
  2. Хятадаас Түвдийн эсрэг явуулж буй зарлаагүй дайнаа зогсоохыг шаардах
  3. Түвдэд явуулж буй Хятадын эрх баригчдын харгислалын талаар олон улсын хэвлэл мэдээллээр цацаж, бодит үнэнийг дэлхий нийтэд хүргэх 
  4. Хятадын шоронд хоригдож буй Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг суллахыг шаардах
  5. Түвдэд явуулж буй эх оронч боловсрол олгох нэртэй кампанит ажлыг зогсооход Хятадын эрх баригчдад нөлөөлөх хүсэлт гаргажээ.

НҮБ-ын Төв байрны гадна өлсгөлөн зарлаж буй гурван ламтай өлсгөлөн зарласнаас хойш 20 хоногийн дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Иван Симонович биеэр очиж уулзан, Түвдийн Залуучуудын Конгрессын тэргүүн Цэванг Рангзенг албан ёсоор хүлээн авч уулзсан юм. Иван Симонович Түвдийн асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй яаралтай зөвлөж, хариу өгөхөө мэдэгдсэн ч өнгөрсөн даваа гаригт болсон дээрх уулзалтаас хойш НҮБ Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн хүсэлтэд өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. 

Эрх чөлөөний төлөө тэмцэгчид даваа гаригт болсон уулзалтыг хангалттай гэж үзэхгүй байгаа бөгөөд НҮБ-аас бодит хариу, дэмжлэг авахаас нааш тэмцлээ зогсоохгүй гэдгээ сайтаар дамжуулан мэдээллээ.  “Түвдийг чөлөөл” хөдөлгөөний тэмцэгчдийн тэргүүн фронт нь дэлхий даяар тархсан түвд залуус болж байна. Түвдийг чөлөөлөхөд дэлхийн улс орнуудыг нэгтгэхийг уриалж,  илүү чанга, тод дуугарахаар Түвдийн далбаа барьсан залуучуудын хөдөлгөөн Энэтхэгт эхэлсэн бол Европоор дамжин АНУ-ын Висконсин, Мэдисонд энэ сарын 10-нд өрнөжээ. 300 гаруй залуус оролцсон тус хөдөлгөөнийхөн дэлхийн томоохон хэвлэл мэдээллүүдээс Түвдэд юу болж буйг үнэн бодитоор мэдээлэхийг уриалсан байна. Тэд “Ассошиэтэд Пресс”, “Гардиан” зэрэг сонинууд Хятадын мэдээллийн агентлагуудаас иш татсан Түвдийн талаарх худал мэдээлэл цацаж байгааг шүүмжилсэн юм. Хятадын эрх баригчид Түвдийг тус улсын нэг хэсэг гэж үзэх болсноос хойшхи хагас зуунд жилд тус улсад Хятадыг эсэргүүцсэн тэмцэл, хөдөлгөөн тасраагүй юм. Гэвч лам хувраг, энгийн иргэдийн тайван жагсаал хөдөлгөөнийг цэрэг, цагдаагийн хүчээр нухчин дарж байгаа тул энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд олон хүн зулын гол болж, амьдаараа шатах тэмцлийн аргыг сонгох болсон. Дэлхийн дээвэр гэгддэг цаст Гималайн хормойд оршдог, Буддын шашинтнуудын энэ улсыг Хятад улс өөрийн автономит бүс болгосон ч Түвдийн оюун санааны удирдагч Далай лам хэдэн зууны түүхтэй, тусгаар улс гэж үздэг билээ. Хятадын эрх баригчдын харгис бодлогыг эсэргүүцсэн 1,2 сая Түвд хүн амиа алдсан тоо байдаг аж.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж