“Монголын цэрэг эрсийн холбоо”-ны тэргүүн Г.Баярсайхан, “Олон нийтийн хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзориг нар Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлэхээр болсон талаараа мэдээллээ. СЕХ нь иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвхөн сонгогчийн хаягийн бүртгэлийг үндэслэн иргэний үнэмлэхтэй тулган шалгаж, гаргасан нэрсийн жагсаалтаар УИХ-ын сонгуулийг явуулах ёстой. Тэгтэл 2008 оны сонгуулийг явуулахдаа тус хороо нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 20.1 дэх заалтыг шууд зөрчиж, “Сонгогчийн саналыг саадгүй өгүүлэх тухай” гэгч 289 тоот албан бичгийг үйлдэн гаргаж, түүнийхээ дагуу олон мянган иргэдэд иргэний үнэмлэх тараан, сонгуулийг будлиантуулсан гэлээ.
Г.Баярсайхан “Энэ жил ч гэсэн сонгуулийг будлиантуулж болзошгүй байна. СЕХ-ны бүрэлдэхүүн 100 хувь эрх баригч намуудын төлөөлөл байгаа нь айдсыг улам дэвэргэж байна” гэсэн юм. Түүнчлэн “Хэрэв энэ бүрэлдэхүүнээрээ ирэх сонгуулийг зохион байгуулах юм бол сонгуулийн булхай луйвраас үүдэн долдугаар сарын1 давтагдахыг үгүйсгэхгүй. СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч гэмээнэ ирэх сонгууль шударга явах боломжтой” гэлээ.
Ш.Чимэг