Пэпси хүүхдийн лигийн хотын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Пэпси хүүхдийн лигийн хотын аваргууд тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн холбооноос Пэпси брэндтэй хамтран дөрвөн том
лигийг зохион байгуулж байгаа. Тэр дундаас хамгийн их ач холбогдол өгч
байгаа нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах Pepsi Junior
League юм. Хот, хөдөө гэж хоёр бүсчлэн явуулж байгаа хүүхдийн лигийн
хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд МУБИС-ын
харьяа Биеийн тамирын сургуулийн зааланд боллоо. Эрэгтэй 26, эмэгтэй 16
баг оролцсон тус тэмцээнээс зургаан баг улсын аваргад оролцох эрхээ авах
юм. Нэг ёсондоо хотоос шалгарсан багууд хөдөө орон нутгийн багуудтай
2012 оны хүүхдийн лигийн аваргын төлөө өрсөлдөх юм.

Амралтын өдрөөр болсон шигшээ тоглолтуудыг дүнг танилцуулъя.

Охидын тэмцээнд “Эрдмийн оргил”, 105-р сургууль, 19-р сургуулийн багууд
тойргоор өрсөлдөж, “Эрдийн оргил” цогцолбор сургуулийн баг тэргүүн байрт
шалгарчээ. Хоёрдугаар байрын төлөө 105, 19-р сургуулийн багууд тоглож,
эн тэнцүү үргэлжилсэн тоглолтын ялагчаар 29:24 харьцаатай 105-р
сургуулийн шигшээ баг тодорсон байна. Харин хөвгүүдийн шигшээд “Эрдмийн
оргил”, БТСДС, “Гурван тамир” сургуулиуд шалгарч, мөн хоорондоо тойргоор
тоглосон. н.Дамба дасгалжуулагчтай БТСДС эрэгтэйчүүдийн хүүхдийн лигийн
хотын аваргаар төвөггүйхэн тодорлоо. Шийдвэрлэх тоглолтыг “Эрдмийн
оргил” сургуулийн багтай хийж, 54:50 харьцаатайгаар илүүрхсэнээр шигшээд
хоёр хожлыг авч тэргүүн байрт шалгарсан. Тэмцээний шилдэг
дасгалжуулагчаар БТСДС-ийн н.Дамба, “Эрдмийн оргил” сургуулийн
Ж.Түмэнжаргал нар тодорчээ. Пэпси хүүхдийн лигийн хаалтын ажиллагаанд
МСБХ-ны тэргүүлэгч, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн
дарга Б.Дашдорж, Сургалт судалгааны албаны дарга Ж.Буянтогтох, Азийн
сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хагоп Хажириан,
“Жиэн бевережис” ХХК-ийн маркетингийн ажилтан Давааням нар хүрэлцэн ирж,
шагнал гардуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж