Монгол, Япон хоёр: 20+20 жилийн түүх

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Монгол, Япон хоёр: 20+20 жилийн түүх

Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд энэ улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалыг манай талаас нэг жилийн өмнө Зүүн Японы байгалийн гамшиг болсон 3 дугаар сарын 11-ний өдөр зориуд эхлүүлж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд ерөнхий сайд С.Батболд оролцов. Энэ үеэр гадаадын зочид төлөөлөгчдийн дундаас хамгийн түрүүнд Монгол улсын ерөнхий сайд хүндэтгэлийн цэцэг өргөсөн юм. Айлчлалын үеэр ерөнхий сайдад бараалхсан Японы намуудын дарга нар, хувийн хэвшлийн төлөөлөгчид бүгд үүнд талархаж буйгаа илэрхийлж байсан нь энэ удаагийн айлчлалын цаг хугацааны сонголтыг зөв хийж зохицуулжээ гэх бодол өөрийн эрхгүй төрүүлж байлаа.

Өнгөрсөн жилийн өдийд манайхан Японд газар хөдлөлт, цунами болсныг дуулаад ид хандив тусламж цуглуулах ажил өрнүүлж байсныг ч япончууд марталгүй баярлаж байдгаа хэлж байна. С.Батболд ч ардчилал, зах зээлийн замыг сонгон амаргүй шилжилт хийж ирсэн 20 жилийн хугацаанд хамгийн ихээр тусалж дэмжиж ирсэн Японы ард түмэн, Засгийн газарт монголчууд талархалтай ханддагаа илэрхийлж байлаа. Ер нь манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 жилийн түүхийг 20 ба 20 жилээр хувааж үзэж болох юм. Эхний хорин жилд улс төрийн тогтолцоо өөр хэдий ч соёлын харилцааг голлон эхлүүлж, харилцааны хэвийн уур амьсгалыг бүрдүүлж чадсан бол 1990 оноос хойш Монгол улс ардчилал, зах зээлийн замыг сонгон олон талт бие даасан гадаад бодлогыг явуулж эхэлсэнтэй зэрэгцээд эдийн засгийн хамтын ажиллагаа голлох болжээ.  Шинэ зам дээр гарч ирсэн Монгол улсад тулгарсан сорилт бэрхшээлүүдийг даван туулахад Японы Засгийн газар, ард түмэн буцалтгүй тусламж, зээл, техникийн хамтын ажиллагаануудаар дэмжиж ирсэн билээ. Олон жишээний захаас дурдахад ДЦС, нийтийн тээвэр, нүүрсний уурхайнууд гэх мэт уртхан жагсаалт гарах нь мэдээж.

Цаашдын харилцааны арав, хорин жилд бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагаа илүү хөгжинө хэмээн аль аль тал найдаж байна. Монгол улсын эдийн засаг өнгөрсөн жил 17,3 хувиар өсч, хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэг болсон тухай айлчлалын үеэр Эн Эйч Кэй ТВ мэдээллээ. Цаашид Японы талаас үзүүлэх буцалтгүй тусламж хүссэн ч эс хүссэн ч буурна гэсэн үг. 2004 оноос хойш харилцан ярилцаж буй “И Пи Эй” буюу эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээ албан ёсоор эхэлснийг зарлалаа. Энэ хэлэлцээрийг байгуулснаар харилцан бараа бүтээгдэхүүндээ татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна иргэд хооронд зорчих явдлыг хялбарчлах, хөрөнгө оруулалт, оюуны өмчийг хамгаалах зэрэг өргөн ач холбогдолтой юм.

Миний тоолсноор Монголын Ерөнхий сайдын айлчлалын үеэрх албан ёсны хэлэлцээ, бараалхалт, уулзалт зэрэг 32 удаагийн үйл явдлыг хэвлэлийнхэн сурвалжилжээ. Айлчлалын албан мэдээнд багтаагүй ч анхаарал татахгүй байхын аргагүй олон үйл явдлууд өрнөсний заримыг нь дурдъя.

  • Монгол-Японы парламентийн бүлгийг шинэчлэхээр Японы парламент дотор зар түгээхэд орох хүсэлтэй гишүүд нэмэгдэж одоо 100 даваад байгаа гэнэ.
  • Хувийн хэвшлийн компаниуд Монголтой хамтрах хүсэл сонирхлоо илэн далангүй илэрхийлж байна. Японы супер од, дэлхийн хэмжээний бизнесмэн, “Софтбанк” корпорацийн ерөнхийлөгч Сон Масаёши Монголын “Ньюком” компанитай хамтран сэргээгдэх эрчим хүчний компани байгуулахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэн зурлаа. Сон Масаёши бол мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж, “Форбс” сэтгүүлд дурдсанаар Японд нийт хөрөнгийн хэмжээгээр 2-т, дэлхийд 127-д жагсаж буй хүн. Тэрээр хойд Японы гамшгийг арилгах сан, байгалийн эрчим хүчний сангуудыг сүүлийн нэг жилийн дотор байгуулжээ. Сон Масаёши хүрэлцэн ирэх сургаар Японы хэвлэлийнхэн арга хэмжээнд олноор ирж, манай сурталчилгаа Японд түлхүү хүрэхэд нэмэртэй үйл явдал болов.
  • Хиймэл дагуулын төсөл хэрэгжүүлэх, Японы төмөр замын зам төмөр, дэр, зам төмрийн бэхэлгээ, ган дугуй зэргийг Монгол улсын төлөвлөж буй төмөр замд нийлүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлж байв.
  • Айлчлалын үеэр “Эн Эйч Кэй” ТВ, “Никкэй”, “Майничи”, “Санкэй” сонинууд ерөнхий сайдаас ярилцлага авч, бусад ТВ-үүд зарим арга хэмжээг сурвалжиллаа.

Нийтлэг нэг асуулт байсан нь Тавантолгойн нүүрсний ордын ашиглалт, түүнтэй холбоотой дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдэд Японы компаниудын оролцоо, боломжийн тухай. Зөвхөн улс төрчид, хувийн компаниуд саналаа шууд хэлээд зогсохгүй, хэвлэлээрээ ч үг дайж байх шиг. Тавантолгойд оролцох сонирхолтой гэдгээ Японы тал бүхий л түвшиндээ  ам нэгтэйгээр тов тодорхой илэрхийлж байгаагын илэрхийлэл нь энэ болов уу.

Дипломат харилцааны 40 жилийн ой тохиосон энэ түүхэн цаг үед, өнгөрснөө үнэлэн дүгнэж шинэ шатанд гаргах боломж бидэнд тохиож байгаа билээ. Илүү эдийн засгийн, тэнцүү санаачилгатай харилцааны хүлээлт хэн хэнд маань байна. Япон мэт “иж бүрэн түншлэл”, ”стратегийн түншлэл” бүхий томоохон гүрнүүдийг бид гуравдагч хөршөө гэдэг. Монголын гадаад харилцаа Орос, Хятад зэрэг мөнхийн хөршүүдээ оролцуулаад  адаглаад адил тэнцүү талтай “гурвалжин” болж тэнцвэржээд, алс хэтдээ гурав дахь хөршүүдийн маань тал илүү том, илүү ойрхон баймаар санагдана.

“Аливаа улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааны 80 хувь нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйлс, 20 хувь нь нюансын ялгаа байдаг” гэж алдартай нэгэн улстөрч хэлсэн байдаг. Тавантолгойн төсөл дээр “нюанс”-ын ялгаагаа ойлголцож чадах болов уу?

        М.УЛАМБАДРАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж