Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бууз, баншны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн долоо хоногт шалгалт хийсэн байна. Шалгалтыг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар мал эмнэлэг, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хамтран гүйцэтгэсэн байна. Тус шалгалтанд 14 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт бууз, баншны үйлдвэрлэл эрхэлдэг 87 аж ахуйн нэгж хамрагдсанаас 42 хувь нь зориулалтын байргүй, хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх тал дээр санаачилгагүй хэмээн дүгнэжээ. Түүнчлэн олонхи цехүүд угаалга, цэвэрлэгээ, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх журам, хуваарьгүйн дээр мал эмнэлэгийн ариун цэврийн гэрчилгээтэй мах, өөх авдаг боловч бүртгэл хөтөлдөггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Дээрхи шалгалтаар нийтдээ 826 зөрчил илэрснээс 12 хуулийн этгээдэд 1.4 сая төгрөгийн торгууль ногдуулж, төлбөрийг бүрэн барагдуулжээ. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил гаргасан нийслэлийн Голден мийт, Чингэлтэй дүүргийн иргэн Т.Туяацэцэгийн цехүүд, Архангайн Отор, Сэлэнгэ аймгийн “Хаан бууз” зэрэг 11 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, Дорнод аймгийн Ольхон, Шаби, Ховд аймгийн “Саран”, “Болор” зэрэг орон нутгийн 4 цех, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нийслэлийн БГД-ийн “Ар дэлгэр булаг” ХХК-ны үйл ажиллагааг бүр зогсоосон байна.
Д.Жаргалсүрэн