Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Монгол ардын намд

Монгол ардын намд

Танай санаачилгын талаар

Танай намаас улс төрийн намуудад хандан шударга сонгууль явуулах талаар санаачилга гарган албан тоот ирүүлсэнтэй танилцав.

Шударга сонгууль нь ардчилсан нийгмийн амин сүнс мөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгээд ч 2008 оны УИХ-ын сонгууль шударга бус болсон нь манай нийгэмд ардчилал алга боллоо гэсэн шүүмжлэлийг араасаа дагуулж байгаа бөгөөд өнөөдөр хүртэл учир нь олдоогүй “7 сарын 1” гэсэн ноцтой асуудал Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар байгаа юм.

Өнөөгийн засгийн эрхэнд байгаа МАН, АН зэрэг намуудыг бодвол Парламентын гадна байгаа намууд, ялангуяа МАХН ба МҮАН нь 2012 онд гагцхүү шударга сонгууль явуулснаар өнөөдөр манай нийгэмд онцгой үгүйлэгдэж, ард түмний нэхэн шаардаж байгаа шудрага ёсыг бүх шатанд тогтоох гол нөхцөл бүрдэнэ гэдгийг сайтар ухамсарлаж байгаа юм. Тийм учир үнэхээр монголын ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг аливаа улс төрийн хүчин шударга сонгууль явуулах талаар зүгээр нэг бичиг цаас солилцох маягаар хэлбэрдэх биш, харин тодорхой санал гаргах, бодитой арга хэмжээ авах талаар санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Нөгөө талаар шударга сонгууль явуулах нь зөвхөн намуудын сонирхох ёстой гэхээсээ илүү нийт ард түмний туйлаас хүсэн хүлээж буй асуудал мөн гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй ээ.

Учир иймд шударга сонгууль явуулахыг бодитойгоор хүсч, зорьж буй бүх намуудын дарга нарын хэмжээнд энэ оны 3 сарын 22-нд багтааж, ард түмнийхээ өмнө МҮОНРТ-ийн телевизийн шууд нэвтрүүлгээр шударга сонгууль явуулахын тулд засгийн эрхэнд байгаа намууд болон Парламентын гадна байгаа намууд тус тусдаа болон хамтдаа чухам юу юу хийж, ямар ямар арга хэмжээ авах талаар санал бодлоо нээлттэй солилцох, тодорхой санал дэвшүүлж, бодитой ажил болгох талаар шууд ярилцахыг санал болгож байна.

Танай намаас гаргасан шударга сонгууль явуулах талаархи санаачилга нь зөвхөн бичиг цаас солилцох хэлбэр төдий ажил биш гэдэгт найдаж байгаа тул бидний зүгээс энэхүү саналыг гаргаж байгаа юм.

Шударга сонгууль явуулах талаар бүх намууд санал дэвшүүлэн солилцох боломж олгохын тулд бүх намуудын дарга нарын хэмжээнд энэ оны 3 сарын 22-ны өдөрт багтааж МҮОНРТ-ийн телевизийн шууд нэвтрүүлгийг зохион байгуулах талаар холбогдох арга хэмжээ авч, шаргуу хөөцөлдөхийг анх санаачилга гаргасан намын хувьд хариуцан зохицуулахыг та бүхнээс хүсч байна.

ЖИЧ: Энэхүү хариу албан бичгийн хуулбарыг МҮОНРТ-ийн удирдлагад явуулж буйг телевизийн шууд нэвтрүүлгийг энэ оны 3 сарын 22-нд багтааж зохион байгуулах хүсэлт хэмээн ойлгохыг мэдэгдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж