Тавантолгой ордын
Баруун Цанхийн хөрөнгө оруулагч болохоор өрсөлдөж байсан Өмнөд Солонгосын
төрийн өмчийн компани КОRES энэ
жил Индонез, Хойд Америкийн битүм нүүрсний ордуудад хөрөнгө оруулахаар
төлөвлөжээ. Энэ жил тус компани гадаад улс орнууд дахь ордуудыг худалдаж авахад
зориулж 532 сая ам.доллар зарцуулахаар тогтжээ. Өнгөрсөн жил тус компани энэ
төрлийн хөрөнгө оруулалтад зориулж 692 сая ам.доллар зарцуулсан юм.
Тус компанийн
Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ким Шин-жон “Бид өөрсдийн хэрэглэж буй
бүтээгдэхүүний нийлүүлэлтийн 50 хувийг ч гэсэн эзэмшилдээ авах нь зүйтэй юм”
гэж мэдэгдсэн байна.
Орос-Солонгос-Японы
консорциумаар дамжуулан тус компани Баруун Цанхид 10 хувийг нь эзэмшихийг
эрмэлзэж буй ажээ. “КORES”-ийн
ард Солонгосын хэд хэдэн томоохон компани бий. Тухайлбал POSCO, Korea
Electric Power Corp, LG International болон Daewoo International зэрэг компани багтаж байна.
Хэдийгээр уг
консорциум Баруун Цанхийн Стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах жагсаалтад
хэвээрээ байгаа эсэх нь тодорхойгүй ч, албаны хүмүүс Солонгос, Японы тал урьдны
адил тендерт өрсөлдсөн хэвээр гэж тайлбарлаж буй юм. Уг хэсэгт Японы тал ч мөн
адил тодорхой хувь эзэмшихээр Монголын төрийн өндөрлөгүүдэд өөрсдийн сонирхлоо
“нэрэлхэлгүй” сануулсаар байгаа билээ.
Баруун Цанхийн
Стратегийн хөрөнгө оруулагч хэзээ шалгарах нь тодорхойгүй байгаа ч уг шийдвэрийн
ард асар том хариуцлага ирэх нь дамжиггүй. Учир нь уг шийдвэрээс “Эрдэнэс
Тавантолгой”-н IPO-ийн үнэлгээ хамаарна.
Харин Солонгос, Японы
хувьд нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны найдвартай эх үүсвэртэй болохыг хүсч
буй нь тодорхой юм.
Б.Төгс