Алдарт "Google" компанийг үүсгэн байгуулагчид болох Ларри Пейж болон Сергей Брин нар өөрсдийн эзэмшдэг хувьцаанаас 10 сая ширхгийг зарж борлуулахаар шийджээ. Энэ нь одоогийн ханшаар 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм. Пейж, Брин нар хувьцаагаа борлуулснаар тэдний эрх мэдэл ч мөн багасах бөгөөд тодруулбал, тэдний санал хураалтад оролцох эрх 59 хувиас буурч, 48 хувь болох ажээ. Компанийн хувьцааны үнийг огцом унагаахгүйн тулд дээр дурдсан хэмжээний хувьцааг таван жилийн хугацаанд зарж борлуулах гэнэ. Пейж, Брин тус бүр таван сая хувьцааг зах зээл дээр гаргах бөгөөд тэдний гар дээр нийт 47.7 сая ширхэг хувьцаа үлдэх юм. Тэд тус бүр 16 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хувьцаа эзэмшдэг бөгөөд тэдний өөрсдийнх нь саналаар "Google" компаниас жилдээ ердөө ганцхан ам.долларын цалин авдаг байна. Пейж, Брин нарыг хувьцаагаа зарах талаар мэдээлэл гарсны дараа бирж дээрх компанийн хувьцааны үнэ 5.7 хувь буюу 32.97 ам.доллараар буурч, 550.01 ам.долларт хүрчээ.
2010 оны 1 сарын 25