Такси дуудлагын үйлчилгээг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Такси дуудлагын үйлчилгээг сайжруулна

Нийслэл хотын ажил амьдрал улам бүр хурдацтай болж, иргэд утсаар захиалга өгч такси дуудахыг илүүд үздэг болсон. Такси дуудлагын үйлчилгээг өөрийн гэсэн таксийн үйлчилгээгүй, таксийн тээврийн хэрэгсэлгүй зарим нэг аж ахуйн нэгжүүд эрхлэх болсноор Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийг зөрчиж, стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл дуудлагаар үйлчилж  байгаа нь  зорчигчийн тав тухтай, аюулгүй зорчих баталгааг хангаж чадахгүйд хүрээд байгаа юм.

Тиймээс зорчигчийн эрүүл мэнд, амь нас, тав тухтай, аюулгүй зорчих баталгааг хангахын тулд  Нийтийн тээврийн газар дараах тусгай дугаар эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй такси дуудлагын үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулжээ. Үүнд одоогийн байдлаар  1950, 1894, 300000 гэсэн дугаарууд хамрагдаж байгаа бөгөөд эдгээр дугаар руу залгаж такси дуудахад нийтийн  тээврийн газрын бүртгэлийн санд байгаа таксинууд үйлчлэх ажээ.   

Такси дуудлагын үйлчилгээ эрхлэх тухай гэрээнд зорчигчийн ая тухтай зорчих баталгааг хангах тухай маш тодорхой заалтуудыг оруулсан байна. Тухайлбал:  зорчигчийн гомдлыг шуурхай барагдуулна, зорчигчийн дуудлагад ойрхон яваа такси алга, “боломжгүй” гэсэн хариулт өгөхгүй заавал такси явуулах бөгөөд такси хүрч очих хугацаа, тээврийн хэрэгслийн марк, өнгө, улсын дугаар, үнэ тариф зэргийг хэлэхээс гадна зорчигчийг зөвхөн тухайн тээврийн хэрэгсэлд суух ёстойг сануулна. Мөн дуудлага хүлээн авсан жолоочид зорчигчийн байршил, хүрч очих хугацаа, харилцах утасны дугаарыг хэлэхээс гадна нэмэлт хөлс шаардахгүй байхыг сануулж бүртгэлд тэмдэглэнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж