Бид бага байхаасаа авахуулаад “тогтсон томоотой сайн хүн, тогтсон сайхан амьдрал” гэж ярихыг аав ээж болон бусад хүмүүсээс зөндөө сонсож байсан. Тиймээс сайхан амьдралтай болно гэдэг нь тогтсон амьдралыг хэлдэг юм байна гэдэг ойлголт бидний тархинд хоногшсон учраас энэ нь бидний зорилго болдог. Тогтсон амьдрал гэдэг нь тогтсон ажилтай, сурьшсан газартай, тогтсон зан үйлтэй, бүх юм тогтож тухласан амьдралыг хэлдэг.
“Тогтох” гэдэг үгийн ижил утгыг Монгол-Монгол толь бичиг дээр хайвал “үл хөдлөх, зогсох” гэдэг үг байдаг.
Тэгэхээр тогтсон амьдралтай болно гэдэг нь зогсонги амьдралтай болно гэж ойлгож болох юм. (Өөрийгөө хөгжүүлэх талаас нь ярьж байгаа гэдгийг ойлгоорой)
Бид нэгэн хэвийн юмыг урт удаан хугацаагаар хийхэд утгаа алддаг ингэснээр сэтгэлзүйн стрэссэнд орж, ондоо юм хийх юмсан гэж боддог боловч яг юу хийж, юу төлөвлж, юунд хүрэх вэ гэдгийг олж мэдэхэд маш их бэрхшээлтэй болдог. Магадгүй мухартсан юм шиг санагддаг. Тиймээс эргээд бид тогтож, хэвшсэн амьдрал руугаа буцаж орохоос өөр замгүй болдог.
“АМЖИЛТ нь хэвшсэн амьдралтай болох биш хэвшсэн амьдралаас гарахыг хэлдэг. Хэр их гарна тэр хэмжээгээрээ амжилтанд хүрнэ.”
Амжилтанд хүрсэн бүх хүмүүс энэхүү тогтсон хэвшмэл амьдралаасаа гарч чадсан байдаг.
Бид хийдэг юмаа хийдэг аргаараа давтаж хийгээд гарах үр дүн өөрчлөгдөхгүй байгааг хараад гайхаж, гомдоллодог. Хэрэв бид ондоо юм хүсээд хийдгээ хийх юм бол хэзээ ч тэр хүссэн юмаа олж авч чадахгүй. Өөрөөр хэлбэл нэг явдаг замаараа давтан яваад байвал нэг л газар очино. Хэрвээ ондоо газар очихыг хүсвэл өөр замаар өөр зүгрүү чиглэх хэрэгтэй. Маш энгийн.
Мөн хийдэг юмаа давтаж хийгээд байвал амьдрал утгаа алдаж, маш уйтгартай болж хувирдаг. Уйтгар гуниг бидэнд мэдээж хөгжил баясал авчрахгүй. Хөгжил баясалгүй амьдрал үхширмэл утгагүй амьдрал болж хувирдаг. Харин бид адал явдлаар дүүрэн амьдралд дуртай.
Бидний ганц олдсон энэ амьдрал уйтгар гунигаар дүүрэн байх ёсгүй!
Бидний ганц олдсон энэ амьдрал хөгжил баяслаар дүүрэн байх ёстой!
Харамсалтай нь хэвшмэл амьдралаас гарах нь тийм амар байдаггүй. Яагаад гэвэл шинэ ажилд орох, шинэ газар очих, шинэ хүмүүстэй танилцах нь эхлээд ая тухгүй, эвгүй байдаг. Хэрвээ бид өөрсдийгөө үнэхээрийн хөгжүүлж, өөрчлөхийг хүсвэл ая тухгүй оргих тэр мэдрэмжийг мэдрэхгүйгээр хэвшмэл амьдралаас гарч чадахгүй.
Бидний АЙДАС үргэлж “урьд чинь аюул байна, чи чадахгүй, одоо ингээд л өнгөрөө, хэлээ биз дээ” гэж шивнэдэг. Жинхэнэ аюул бол энэ айдаст итгэх явдал юм. Өөртөө итгээд анхны алхамыг хийсэн тэр үеэс бид сурна, туршлагажина, тэлнэ, хөгжинө. Ингэснээр төд удалгүй бидний нөгөө айгаад байсан айдас маань тогтсон амьдрал болж хувирдаг. Тогтсон тэр амьдралаасаа дахиад гарна, дахиад дасна, дахиад гарна г.м. үргэлжилнэ… Үүнийг өөрийгөө хөгжүүлэх гэнэ!
Тиймээс найзуудаа юунаас ч бүү ай!
Тэр айгаад байгаа ажлаа хийх ёстой!
Тэр айгаад байгаа газраа очих ёстой!
Тэр айгаад байгаа хүнтэйгээ очиж уулзах ёстой!
Тэгвэл бид амжилтанд хүрнэ, үгүй бол үхширмэл утгагүй амьдралаар насыг барна.
Амжилт хүсье!
© Ука Төмөр