-Баярлалаа.
-“Шидэх банзнаас үсрэгчид” хамтлагаа хэдийд байгуулсан юм бэ?
-2008 онд байгуулсан. Манай хамтлагийг байгуулагдахад У.Энхбаяр багш маань их нөлөө үзүүлсэн. Бэлтгэлээ жилийн турш маш эрчимтэй хийж, 2009 оны улсын наадмаар Монголын үндэсний циркт анхны тоглолтоо хийсэн маань бидий амжилтын гараа байлаа. Тоглолт маш амжилттай болж, манай хамтлаг Монголын циркийн хоёр дээд амжилтыг тогтоож чадсан.
-Үүнийгээ тодруулж ярихгүй юу?
-Манай хамтлагийн жүжигчин Б.Одгэрэл дөрвөн метрийн өндөр дэх сандал руу гурав эргээд сууснаас гадна Т.Амартүвшин маань өөрийнхөө мөрөн дээрээ таван хүн зогсоосон. Эдгээр нь Монголын циркийн амжилтыг эвдэж, дэлхийнхтэй зэрэгцсэн сайхан үйл явдал байлаа. Бид үүнээсээ маш их урам авч, олон улсын тэмцээнд оролцохыг хүсэх болсон. Энэхүү бичлэгээ явуулсны үндсэн дээр БНХАУ-ын Үхань хотод 2010 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 4-нд болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцох эрх авсан. Үханьд мөнгөн цомын эзэд болж, Монголын циркийн түүхэнд олон жил тасраад байсан амжилтыг үзүүлсэндээ баяртай байдаг.
-Тэгэхэд танай хамтлагийн залуу жүжигчин Л.Тэлмэн шүүгч, үзэгч¬¬дээс өндөр үнэлгээ авсан гэж дуулсан юм байна?
-Тийм шүү. Л.Тэлмэн маань Циркийн сургуулийг энэ жил төгсөх, манай хамтлагийн хамгийн залуу, өсөх ирээдүйтэй жүжигчин. Тэрбээр Б.Одгэрэлийн дөрвөн метрийн өндөр дэх сандал руу гурав эргээд суудаг үзүүлбэрийг одоо хийж байгаа. Л.Тэлмэн Үханьд энэ үзүүлбэрээ ямар ч хамгаалалтгүй хийж, шүүгч, үзэгчдийг гайхашруулж, маш өндөр үнэлгээ авсан. Хэрвээ тэрбээр нэгхэн сарын өмнө төрсөн бол өсвөрийн олон улсын тэмцээнд оролцож, өндөр амжилт үзүүлэх боломжтой байсан.
-Магадгүй Үханьд үзүүлсэн ам¬жилт танай хамтлагийг Фигересийн олон улсын их наадамд орол¬цоход гол нөлөө үзүүлсэн байх тийм үү?
-Тийм шүү. Өнгөрсөн оны арав¬дугаар сард бидэнд и-мэйл ирж, оролцох санал тавьсан. Манай хамтлагт Тайвань, Туркт ажиллах хоёр гэрээ байсан ч үүнийгээ хойш тавьж, энэ тэмцээн рүү анхаарсан даа. Хамтлаг, жүжигчин бүр олон улсын тэмцээнд амжилттай оролцохыг мөрөөддөг.
-Испани руу явахдаа ямар зорилт тавьж байв?
-Есөн жүжигчин, нэг менежер, нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Бид өмнө нь олон улсын тэмцээнээс мөнгөн цом авч байсан болохоор тэргүүн байр руу зорьсон. Тамирчид “Медалийнхаа өнгийг хувиргана” гэж ярьдаг шиг. Тэгээд ч хүний хүсэл эрмэлзэл хязгааргүй. Бид “Алтан заан” шагнал авснаар Монголын цирк дэлхийд тэргүүлэх хэмжээнд хэвээрэээ байгаа шүү гэдгийг харуул¬сан. Циркийнхээ 70 жилийн түүхэнд акробатын төрлөөр олон улсын тэмцээ¬ний анхны тэргүүн байрыг нь авчирсандаа сэтгэл хангалуун байдаг. Аливаа уран бүтээл зөвхөн жүжигчдээс шалтгаалдаггүй. Бидний ард багш, найруулагч, бүжгийн багш гээд олон хүн бий. Гэрэл техник, хөгжмийг тааруулдаг, нүүр будаж, хувцас оёдог олон хүний хичээл зүтгэл шингэсэн байдаг юм.
-Фигересийн их наадам ямар хэмжээнд зохион байгуулагдав?
-24 орны 100 гаруй жүжигчин оролцсон, өндөр зохион байгуулалттай сайхан наадам боллоо. Орон орны шилдгүүд хуран цугларсан. Үзэгчид байтугай жүжигчид хүртэл уулга алдмаар, хүний санаанд оромгүй үзүүлбэрүүд гарлаа. ОХУ-ын шилдэг жүжигчид хүрэлцэн ирсэн нь өрсөлдөөнийг улам хурцалсан. Орос бол хот болгондоо цирктэй, энэ урлагийг үндэслэсэн, мундаг сургуультай улс. Бусад улсын жүжигчид тэднээс суралцаж байдаг шүү дээ. Мөн Вьетнамаас их чадалтай тоглолт орж ирсэн. Энэ улсад циркийн урлаг өндөр хөгжөөгүй. Гэсэн ч гайхалтай тоглолт үзүүлж, шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн шүү.
-Шагналаа заанаар бэлгэдсэн нь ямар учиртай юм бол?
-Хотынх бэлгэдэл нь заан юм билээ. Фигерес бол жуулчлал өндөр хөгжсөн, Барселонаас холгүй орших хот. Энэ наадам өмнө нь Испанийн том хотуудад болдог байсан. Харин энэ жилээс эхлэн Фигерест төвлөрч, үүнээс хойш тэндээ зохион байгуулагдаж байх болсон гэсэн.
-Тэргүүн байр ихэрлэж, манайх¬наас гадна ОХУ-ын дамнуурга дээрх үсрэгчид (брүүс) “Алтан заан” хүртсэн юм билээ. Энэ нь ямар учиртай юм бол?
-Оросууд “Алтан заан” авахгүй байж болохгүй байсан байх. Тиймээс зохион байгуулагчид хоёр тэргүүн шагнал олгосон. Үндсэн найман шүүгчийн дөрөв, зөвлөгч зургаан шүүгчийн хоёр нь орос хүн байсан. Энд нэг сонин юм болсныг ярих уу?
-Тэг л дээ?
-АНУ-ын Саша гэж охин Монголын уран нугаралтаар оролцож, “Мөнгөн заан” цом хүртсэн. Тэр охины багш нь монгол хүн болохоор арга барил, бүх юм нь монгол байсан шүү. Нэг ёсондоо монголчууд “Алтан заан”-ыг “Мөнгөн заан”-тай нь хүртсэнээс ялгаагүй.
-Багшийг нь хэн гэдэг юм бол?
-Тэр охин багшийнхаа монгол нэрийг хэлж мэдэхгүй байсан. АНУ-д арваад жил ажиллаж амьдарсан, америк нэртэй болсон хүн байдаг гэсэн.
-Саша гэдэг нэр нь их сонин санагдлаа. Орос гаралтай юм болов уу?
-Ээж нь туркменистан гэсэн (Туркменистан улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан).
-Шүүгчид үнэлгээ өгөхдөө гүйцэтгэлээс өөр юу хардаг вэ?
-Олон зүйл бий. Жүжигчний уран чадвар, тайзан дээр биеэ авч яваа байдал, үзүүлбэрээ үзэгчдэд хүргэх чадвар их чухал. Бас нүүр будалт, хувцас, үзэгчдийг байлдан дагуулах чадвар зэргийг харж үнэлгээ өгдөг. Нэг ёсондоо бүх зүйл дээр төгс байх ёстой. Үзэгчид гэж мундаг шүүгч байна. Тэдний алга ташилт үнэтэй.
-Олон улсын тэмцээнд орол¬цоход хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ?
-Зохион байгуулагчид нь замын зардал, байр, хоол, жүжигчдийн амь даатгал гээд бүгдийг хариуцдаг. Оролцогчид техник төхөөрөмж, хувцас хунараа өөрсдөө шинэчилж байх шаардлагатай. Бидний хувьд үзүүлбэрийн хөгжим асуудал болдог. Интернэтээс хайж байгаад хэмнэлдээ тохирох хөгжмийг сонгодог. Түүнээс “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрт зориулж хийсэн нь байдаггүй. Бид монгол үндэстний хэв шинжээ агуулсан хувцастай хэрнээ гадаад аялгуун дээр тоглосон.
-Сайхан монгол аялгуун дээр тоглож болдоггүй юм уу?
-Монгол аялгууны хэмнэл үзүүлбэртэй маань тохирч өгдөггүй юм. Яг тохирох хөгжим хийлгэе гэхээр зардал өндөртэй.
-Танай хамтлаг ойрын үед олон улсын ямар тэмцээнд оролцох вэ?
-Энэ оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 4-нд Италид болох “Circus Latina” олон улсын тэмцээнд өрсөлдөх эрх авсан. Шидэх банзны төрлөөр, хоёр үзүүлбэрээр өрсөлдөнө. Мөн арванхоёрдугаар сард Германд болох гала тоглолтод оролцох урилга ирсэн. Энэ бол тэмцээн биш. Хамгийн шигшмэл үзүүлбэрүүд гарах, нэр хүндтэй тоглолт болно. Энд уригдана гэдэг нэр төрийн хэрэг. Нэрийг нь сонсч, бичлэгийг нь үзэж байсан дэлхийн мундагуудтай нэг тайзан дээр хамт тоглох нь асар их завшаантай хэрэг.
-Цаашдын зорилгыг тань сонирхоё?
-Циркийн жүжигчин хүн бүрийн мөрөөдөл бол Монте-Карлогийн олон улсын наадамд оролцох байдаг. Спортоор ярих юм бол олимпийн наадам юм. Гэхдээ үүнд төр засгийн дэмжлэггүйгээр, бор зүрхээрээ орол¬цоно гэдэг үнэхээр хүнд. Жүжигчид зөвхөн энэ наадамд оролцохдоо зардлаа өөрсдөө даадаг. Манай хамтлаг дор хаяж 10 хүний бүрэлдэхүүнтэй очихоос гадна ачаа бараа маань хагас тонн болдог. Үүнийг анхаарч үзээсэй.
-Зарим хүн циркчидийг нэг юмаа байнга тоглодог гэж шүүмжилдэг?
-Циркийн нэг уран бүтээлийг хийхийн тулд зургаан сараас гурван жил хүртэл хугацаа зарцуулдаг. Миний хэлэх дуртай үг байдаг. Цирк бол фонограмддаг урлаг биш. Хийх ёстой зүйлээ хийх л ёстой. Дуучид дуу тавьчихаад амаа хөдөлгөөд байдаг бол бидэнд ингэх эрх байхгүй. Бидний хийж гүйцэтгэж буй элемент бүрийн ард эрсдэл явж байдаг. Хэрвээ жүжигчин бэлтгэлээ дутуу хийх юм уу өөр зүйлд сатаарвал өөрийгөө гэмтээж, бүр амь эрсдэж ч болно. Цирк бол итгэлцлийн урлаг. Акробатын төрөлд хамтран тоглогчдоо бүрэн итгэх хэрэгтэй. Тэгэхгүй энэ намайг авдаг болов уу, яадаг бол гэж бодож болохгүй. Ингэхийн тулд маш олон жил бэлтгэж байж нэг уран бүтээл гаргадаг.
-Тэгвэл жүжигчдийн хувьд нэг уран бүтээлээс нөгөө рүү хувьсах амаргүй байх нь ээ?
-Тийм ээ. Энэ бол маш хэцүү. Гэхдээ манай монгол жүжигчид хоёроос дөрвөн үзүүлбэр дээр ажиллаж байдаг. Энэ бол мундаг үзүүлэлт. Бид Фигерес рүү “Шидэх банзнаас үсрэгчид”, “Шидэлттэй акробат” гэсэн хоёр үзүүлбэртэй очсон. Тэгэхэд оросууд бид нарыг хараад гайхаж байсан. Орост одоо ийм хүнд элементийг ингэж хийдэг жүжигчин байхгүй гэсэн.
-Гадаадад хэр олон монгол жүжигчин ажилладаг вэ?
-Монгол жүжигчид мундаг авьяас¬тай, ямар ч үзүүлбэр рүү хувьсч тоглох чадвартай. Дэлхийн хаана ч очсон гологддоггүй. ӨАБНУ-д гэхэд Н.Батмөнх захиралтай “Dream Catch” нэртэй, монголчуудын байгуулсан цирк байна шүү дээ. Н.Батмөнх ах намайг 1999 онд тэнд байхад хамт ажиллаж байсан, одоо ч байгаа. Нутагтаа ирэлгүй бараг 20 жил болсон байх. Мөн АНУ-ын Лас-Вегаст манай нугаралтын олон багш байдаг. Швейцарь, Англид ч монголчууд бий. Монголын циркчид дэлхийн өнцөг булан бүрт байна.
-Эвгүй асуулт асуух гэж байгаадаа хүлцэл өчье. Акробатын төрлийн жүжигчид гэмтэж бэртэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй?
-Зүгээр ээ. Асуух л асуулт байна шүү дээ. Ямар ч эрсдэлгүйгээр уран бүтээл гэж юу байх билээ. Ер нь циркийн урлагт бэртэж, гэмтээгүй хүн бараг байхгүй. Сая Фигерес рүү явахад манай дөрвөн жүжигчин гэмтэлтэй байсан. Хөшиг нээгдсэн л бол жүжигчин бидэнд баашлах, шалтаглах эрх байхгүй. Тэгээд ч бид дан ганц өөрсдийнхөө биш, Монгол Улсаа төлөөлөн тоглож байгаа шүү дээ.
-Танай хамтлагийн жүжигчид даатгуулсан байдаг биз дээ?
-Амь даатгал байхгүй ээ. Энэ урлагт зүрх сэтгэлээ өгсөн хүмүүс л ажилладаг.
-Төр засгаас олон улсын нэр хүндтэй тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчдаа шагнаж урам¬шуулдаг. Энэ бол сайн хэрэг. Харин урлагийнхан, тэр дундаа циркчид зохих амжилтаа үнэлүүлж чаддаггүй юм шиг санагддаг?
-Тийм ээ. Ийм зүйл анзаарагддаг.
-Та циркийн урлагт хэрхэн хөл тавьсан юм бэ?
-Би Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрсөн. Намайг бага байхад аав маань “Хүүхдүүдээ урлагийн хүн болгоно” гэж ярьдаг байсан. Хөгжилтэй юм ярихад манай эмээгийн шар авдар байдаг байлаа. Манай ах Б.Золжаргал бид хоёр авдарны хоёр талаас монгол бүжиг бүжиглээд гарч ирэхэд аав аялаад, ээж алга ташдаг байсан нь мартагддаггүй. Би 1990 онд Улаанбаатар хотод ирж, хоёр жилийн дараа нагац эгч Д.Наранчимэгээрээ хөтлүүлээд Хөгжим бүжгийн коллежийн дэргэдэх Циркийн сургуульд орсон.
-Циркийн сургуульд тэнцэхийн тулд ямар шалгалт өгсөн бэ?
-Тухайн үед долдугаар ангийн хүүхдүүдийг элсүүлж авдаг байсан. Тэр жил туршилтаар дөрөвдүгээр ангийн хүүхэд элсүүлсэн юм. Харин би хоёрдугаар ангид байхдаа элсэн орсон. Комиссын найман багшид сунгалт, гар, мөр зэргээ шалгуулаад орж байсан. Цирк, цэрэг хоёроо ч ялгадаггүй хүүхэд байлаа. Гэхдээ циркийн урлагийн диктатур цэрэгтэй яг адил. Циркийн сургуульд 1992-2000 онд суралцаж, агаарын гимнастикийн жүжигчнээр төгссөн.
-Танай хамтлагийн Б.Золбаясгалан таны төрсөн дүү юу?
-Тийм ээ. Дээр дурдсан Д.Наранчимэг эгч маань хамаатныхаа хүүхдүүдэд анхаарал халамж их тавьдаг. Намайг гадаадад байхад дүүг маань циркчин болгочихсон байсан. Дүү маань бас соёлын тэргүүний ажилтан.
-Та анхны тоглолтоо хэдэн онд хийсэн бэ?
-М.Ганболд, Х.Ганболд багш нар маань агаарын гимнастикийн “Үүрийн цолмон” хамтлаг байгуулаад байсан. Манай үеийнхэн энэ хамтлагийн гурав дахь үе болж, 1997 онд агаарын гимнастикийн тоглолт хийсэн юм. Манай улсад үүнээс өмнө 1990 онд энэ төрлийн тоглолт болж байсан юм билээ. Би хамтлагийнхаа бүрэлдэхүүнд багтаж, 1999-2000 онд ӨАБНУ-д тоглосон. Харамсалтай нь 2000 онд бэртсэн тул Монголдоо ирсэн.
-Таныг Англид тоглож байсныг мэдэх юм?
-Миний мэргэжил гимнастикч ч акробат руу хүч сорих хүсэл байсан. Ингээд Х.Ганболд багшийнхаа удирдлага дор 2000-2004 онд Англид акробатын төрлөөр тоглосон. Англиар тойрч дээс, жонглёр, агаарын гимнас¬тикийн хос ремень, богино хэмжээний акробатын үзүүлбэр тоглодог байлаа.
-Шидэх банзны үзүүлбэртэй хэдэн оноос нөхөрлөх болов?
-2005-2008 онд соёлын тэргүүний ажилтан Энхбаатар ахынхаа удирдлага дор шидэх банзны үзүүлбэрээр хичээллэсэн. Ахлагчаасаа банзнаас яаж үсэрч харайхыг сурсан. Энэ гурван жилийн хоёрыг нь Тайваньд өнгөрүүлсэн юм. Үүний дараа 2008 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан У.Энхбаяр багшийнхаа дэмжлэгтэйгээр “Шидэх банзнаас үсрэгчид” хамтлагийг байгуулсан.
-Танай хамтлаг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Анх 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол одоо 15-уулаа. Манай хамтлагийн жүжигчин байсан Т.Амартүвшин Канадын “Нарны цирк”-т ажиллаж байгаа. Энэ бол шоу бизнесийн салбарт дэлхийд тэргүүлэгч том цирк. Жүжигчин хүн бүрийн мөрөөдөл гэж хэлж болно.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Бидэнд тусалж дэмжиж байдаг Монголын үндэсний циркийн захирал Х.Пүрэвбадам гуай, уран сайхны удирдаач Сэлэнгэ эгч, Циркийн сургуулийн бүх багш, тэр дундаа У.Энхбаяр багш, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нарт талархаж явдгаа илэрхийлье. Би Чингэлтэй дүүргийн иргэн. Д.Ганболд дарга дүүргийнхээ залуучуудыг дэмжиж ажилладагт нь баярлаж явдаг. Мөн дурдахгүй өнгөрч боломгүй нэг хүн бий. Бүх зүйл дээр түшиг тулгуур минь болдог хайртай эхнэр Ц.Солонгодоо маш их баярладаг.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд тань өндөр амжилт хүсэн ерөөе.
“Өдрийн шуудан” сонин