-Та хуульч, эрдэмтэн хүний хувьд болсон үйл явдлыг ажиглаж байгаа байх. Цагдаагийн байгууллага шүүхийн харилцаатай холбоотой энэ зөрчлийн талаарх таны байр суурийг асуумаар байна?
-Цагдаагийн ажилтнуудтай холбоотой хэргийн шүүх хуралдааны явцыг гаднаас нь хараад хуульч, судлаач хүний хувьд аль нэг талыг нь дэмжмээргүй байгаа ч шүүхийг өмөөрч цагдаагийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах хэд хэдэн үндэслэл байна. Монголын шүүгчдийн холбооноос Цагдаагийн байгууллагаас шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангах, болон шүүхээс гаргасан цагдан хорих шийдвэрийг гүйцэтгэх хууль ёсны чиг үүргээ биелүүлээгүй хэмээн мэдэгдэл гаргасан. Цагдаагийн байгууллагын энэхүү үйлдлээс нийгэмд таагүй уур амьсгал үүсч байна. Тухайлбал, төрийн байгууллагуудын хоорондын зөрчлийн улмаас ард түмний дунд төрийн түүний дотор шүүх, цагдаагийн байгууллагын нэр хүнд унаж байна. Хууль, шүүхийн шийдвэр нь цагдаагийн даргад үйлчилдэггүй болохыг харууллаа. Шүүх хуралдаанд саад болсноор цагдаагийн дарга нар буруутай байх гэсэн таамгийг улам баталгаажууллаа. Шүүхийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас нөлөөлөх оролдлогыг хийж байгаа нь ардчилсан эрх зүйт тогтолцоотой улсад байж боломгүй ноцтой үзэгдэл. Шүүх эрх мэдлийг ялангуяа гүйцэтгэх эрх мэдэл болох Засгийн газраас хараат бус байхыг Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Гэтэл цагдаагийн ажилтнуудын хэргийн шүүх хуралдааныг хараад манай улсад хараат бус шүүх орших нөхцөлгүй гэдэг нь харагдлаа. Шүүхийг хамгаалах ёстой төрийн хууль сахиулах байгууллага өөрөө шүүх рүүгээ дайрч давшилж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэж байгаа нь үүний нотолгоо. Бусад улсын хувьд цагдаа нь шүүхийнхээ эсрэг ажилласан тохиолдлыг би мэдэхгүй юм байна. Тэгээд ч орчин үеийн нийгэмд үүнийг ойлгож хүлээж авахгүй л дээ. Энэ үйл явдал 21-р зууны онигоотой case болж үлдэх байх. Манай улс чинь цагдаагийн төртэй, хууль, шүүх нь цагдаагийн хяналтад байдаг гэж харагдахаар байна.
-Цагдаа шүүх эрх мэдэлд халдлаа гэх хандлага нийгэмд үүсчихлээ. Үнэхээр халдсан бол шалгаж тогтоож, хариуцлага хүлээлгэж болдоггүй юм уу?
-Бололгүй яахав. Төрийн албан хаагчийн хууль зөрчсөн үйлдэлд захиргааны хариуцлагын арга хэмжээ, эсвэл гэмт хэргийн шинжийг агуулж буй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуульд шүүн таслах үйл ажиллагаанд албан тушаалтан санаатайгаар саад учруулах, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх гэсэн зүйл бий. Тийм учраас шүүх эрх мэдэлд халдлаа гэж хоосон ярих биш хуулийн хүрээнд шалгаж тогтоох нь зөв. Тэгэхгүй бол цагдаагийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл алдрах, бас цагдаагийн байгууллага алдаагаа цаашид давтахгүй гэх баталгаа байхгүй.
-Тэгвэл үүнийг хэн шалгах вэ?
-Шүүх, цагдаа зэрэг хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой хэргийг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах чиг үүрэгтэй. Одоо эрх биш шалгалт эхэлсэн байлгүй дээ.
-Холбогдох албаны хүмүүс цагдаа шүүхийг хамгаалж байсан гэж бас мэдэгдээд байгаа.
-Телевизээр бүх хүн харсан шүү дээ. Энд эргэлзээ байхгүй. Хэн хамгаалсан, хэн хамгаалаагүй талаар. Хамгийн гол нь энэ мэт илт, олны нүдэн дээр болсон асуудлыг эрх бүхий албан тушаалтан (Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх бүхий албан тушаалтан) өөрөөр тайлбарлаж байгаа нь болсон үзэгдлийг улам дэмжиж, дэвэргэж байгаа гэж ойлгогдохоор байсан. Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тодорхой байхад тухайн салбарыг хариуцсан яам уг байдалд дүгнэлт хийж, холбогдох хүмүүст арга хэмжээ авч хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.
-Цагдаагийн дарга нарын хэргийг буруу зүйлчилсэн гэж зарим нэг хуульч, эрх бүхий албан тушаалтан яриад байна.
-Би эрүүгийн эрх зүйн хүн биш болохоор нарийн зүйлийг хэлж мэдэхгүй. Ерөнхий зүйл хэлэхэд генерал цол нь цэргийн цол бөгөөд Ерөнхийлөгчөөс олгодог, мөн байлдааны буу зэвсгийг цэргийн тодорхой дүрэм журмын дагуу хэрэглэдэг зэрэг тодорхой үндэслэл бий. Тухайн тохиолдолд ямар хуулийн заалт хэрэглэхийг шүүхээс эцэслэн шийднэ. Харин захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан тодорхой хэргийн талаар байр сууриа ашиглан мэдэгдэл хийх нь шүүхэд нөлөөлөх оролдого хэмээн ойлгогдож байна. Тэгээд ч энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй туйлын хариуцлагагүй үйлдэл болохыг саяны цагдаагийн байгууллагын үйлдэл баталлаа.
-Шүүх нэг талыг барьсан, яллах гээд байна гэсэн яриа гадуур гарсан байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Шүүх нэг талыг барьсан гэдэг нь цэвэр хардлага. Шүүхээс гарах шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй. Хэрэв цагдаагийн ажилтнууд буруугүй бол шүүхээс л үүнийг тогтооно. Иймд шүүхийг хэвийн ажиллах нөхцлөөр нь хангах хэрэгтэй байна. Энэ хэргийн тухайд хүн буудсан нь үнэн. Үхсэн нь бас үнэн болохоор гэм буруутныг олж тогтоох ёстой гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд байна.
-Дараагийн шүүх хурлаас өмнө хууль зүйн хувьд ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
-Шүүх хурал болох нь эргэлзээгүй. Харин шүүх хурлын тасралтгүй, хараат бусаар явуулах нөхцлийг бүрдүүлэх талаар хуулиар үүрэг хүлээсэн байгууллага нь онцгой анхаарч ажиллах байх. Хуулийн хэрэгжилтийг хангах ажиллагааг тухайн салбарын захиргааны байгууллагууд шат шатандаа зохион байгуулж, шүүхээс зааварчилгаа өгч, хариуцах эзэнтэй нь тулж ажиллах байх. Өмнөх шүүх хурлаас сургамж авсан биз дээ.
-Хэн хамгаалах болж байна?
-Мэдээж цагдаа. Би сая хэллээ. Үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээх ёстой. Хариуцсан субъект тодорхой нөхцөлд асуудал өөр болно.
-Өмнөх шүүх хурлын үеэр цагдаагийн хамгаалалт аваагүй гэсэн үг үү?
-Шүүгчдийн холбооны мэдэгдэл, зурагт, сонин хэвлэлээс харахад миний ойлгосноор аваагүй байх. Тийм учраас шүүх хурал руу хүмүүс бас цагдаа нар өөрсдөө дайрч орсон гээ биз дээ. Ний нуугүй хэлэхэд цагдаа нарын энэ үйлдэл хэрээс хэтэрч байна. Хууль биелүүлдэггүй, улстөржсөн цагдаа ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Мэдээж энэ бол цагдаагийн байгууллагад байгаа тодорхой хэсгийн тухай асуудал, ялангуяа удирдлагын төвшинд шинэчлэлт хийх шаардлагатай байгааг харуулж байна.
-Тэгэхээр өмнөх хурлын үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт хэн буруутай вэ?
-Тодорхой этгээдүүд буруутай байхаас гадна цагдаагийн байгууллагын удирдлага хариуцлага хүлээх ёстой. Шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж чадахгүйд хүрвэл улс төрийн хариуцлага тооцохоос өөр аргагүй болно. Үндсэн хуульд хууль хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцахаар маш тодорхой зааж өгсөн байгаа. Иймд ерөнхий сайд тухайн салбарыг хариуцсан яамны сайд, агентлагийн дарга зэрэг албан тушаалтнуудтайгаа хариуцлага ярих байх.