Инфляцийн эсрэг тавьсан Монголбанкны “сум”

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Инфляцийн эсрэг тавьсан Монголбанкны “сум”

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монголбанкны захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.75 болгосноо төв банк зарлалаа. Өнгөрсөн онд Монголбанк бодлогын хүүгээ гурван удаа өсгөсөн бол 2012 он гарсаар инфляцийн эсрэг эхнийнхээ “сум”-ыг тавилаа. Сараар бус өдрөөр эрчимтэйгээр дээшээ хөөрч буй инфляцийг  бодлогоор барих ганц байгууллага нь Монголбанк. Тиймээс ч инфляцийг хязгаарлахын тулд тэдний авч байгаа ганц арга нь  бодлогын хүүгээ нэмэх. Энэ оны эхний хоёр сарын байдлаар инфляци улсын хэмжээнд жилийн 12.5, Улаанбаатар хотынх жилийн 13.3 хувьд хүрсэн байна. Улаанбаатар хотын эхний хоёр сарын инфляцийн 58 хувийг мах махан бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байгаа аж. Махны үнэ оны эхнээс 29.6 хувиар өссөн бол шатахууны үнэ 15.6 хувиар өсчээ.  Шатахуун болон махны үнэ  буурах төлөв ажиглагдахгүй байгаа нь  инфляцийг өсгөх хүлээлтийг бий болгоод буйг  тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Жавхлан  онцлов.

Түүнчлэн 2012 оны  цалин тэтгэврийг нэмэх төсвийн тодотгол эдийн засаг дахь илүүдэл эрэлтийг өсгөж, улмаар эрэлтийн төдийгүй нийлүүлэлтийн инфляцийг нэмэгдүүлж байгааг Монголбанк мэдээлж байна. Жагсаал цуглаан хийхээ дахин дахин зарласан багш нарын тэмцэл үр дүнд  хүрч Засгийн газар  2012 оныхоо төсөвт тодотгол хийж цалин тэтгэврийн нэмэгдэл 80 мянган төгрөгийг хоёрдугаар сарын 1-нээс тооцон нөхөж олгохоо зарласан  хэдий ч энэ эсрэгээрээ төрийн албан хаагчдын хэтэвчинд талтай биш халтай үзэгдэл болж болзошгүй байгаа. Инфляци өсөх хүлээлт нийгэмд үүсгээд байгаа учраас Монголбанкнаас дахиад л бодлогын хүүгээ нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бололтой. Бодлогын хүүгийн энэ удаагийн өсөлт нь арилжааны банкуудын зээлийн хүүд нөлөөлөх нь бага хэмээн  төв банкны захирлууд тайлбарлаж байгаа ч т бодлогын хүүгийн өөрчлөлт арилжааны банкууд зээлийнхээ хүүнд өөрчлөлт оруулах  гол үндэслэл, томоохон шалтгаан болдог билээ. Иргэдэд бага хүүтэй зээл олгож байснаас Монголбанкны өндөр хүүтэй үнэт цаасанд мөнгөө байршуулахыг арилжааны банкууд илүд үзэх нь ч  зүйн хэрэг. Тэгэхээр энэ удаагийн өсөлт арилжааны банкуудад нөлөөлөхгүй байж чадах болов уу.

Өнгөрсөн жил гэхэд  Монголбанк бодлогын хүүгээ гурван удаа нэмж ингэснээр арилжааны банкууд зээлийнхээ хүүг хамгийн багадаа гэхэд сарын 1,4 -2,0 хувь болтол нь нэмчихсэн. Энэ нь үйлдвэрлэл үйлчилгээний орон сууц, худалдаа наймаа гээд л бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

Энэ удаагийн бодлогын хүүгийн нэмэгдэл яагаад арилжааны банкуудын зээлийн хүүнд нөлөөлөхгүй вэ гэдгийг Монголбанк  өнгөрсөн нэг жилийн хугацаанд банкны зээл 70 хувиар өссөн бөгөөд нийт зээл нь банкуудын нийт активын 65 орчим хувьд хүрсэнтэй холбон тайлбарлаж буй. Тэгвэл инфляцийн инерцийн эсрэг баримталж буй Монголбанкны бодлогыг зарим эдийн засагчид хийгээд Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас богино хугацаандаа гэхээс байн байн аваад байх арга хэмжээ биш хэмээн шүүмжилдэг. Бодлогын хүүг  нэмэх бодлогыг урт хугацаандаа баримталснаар эдийн засагт эргээд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Зарим тохиолдолд инфляцийг хязгаарлах бус эрчимжүүлэх шалтгаан болдог хэмээн Дэлхийн банкныхан тайлбарладаг. Инфляцийг хязгаарлахын тулд бодлогын хүүндээ ойр ойрхон өөрчлөлт оруулах нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусдаг бөгөөд тэд арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ өртөгт шингээдэг нь эцсийн хэрэглэгчдэд буюу энгийн иргэдэд үнийн өсөлт, дарамт болон хувирдаг. Тэгэхээр инфляцийн инерцийг саармагжуулахын тулд бодлогын хүүгээ өсгөхөөс өөр арга байхгүй Монгол банкид байхгүй гэж үү. 

Монголбанк мөнгө хумих монетарист хатуу бодлогоо “тууштай” явуулж, эдийн засгийг дэмжих биш, царцаах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна хэмээн зарим эдийн засагчид шүмжилдэг.  Нэг килограмм нь 10 мянган төгрөгт хүрч, тэнгэрт хадаад байгаа махны үнийг буулгахад бодлогын хүүгийн өсөлт ямар ч хамааралгүй гэх тайлбарыг эдийн засагч Н.Дашзэвэг өгсөн.  Монгол шиг байнгын өндөр инфляцитай байгаа эдийн засагт бодлогын хүүг хүчээр нэмэх бус харин мөнгөний зөөлөн бодлогын баримталж эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж үйлдвэрлэл, бизнесийн салбарыг дэмжих бодлогыг  хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй ч байж магадгүй гэнэ лээ. Бодлогын хүүг буруулснаар арилжааны банкуудаас иргэдэд олгох зээл олголт нэмэгдэнэ. Тэр зээл барилгын болоод үйлдвэрлэл эрхлэдэг компаниудаар дамжин тоног төхөөрөмж, бараа материал татахад зарцуулагдаж, үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлнэ. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, үнэ нь хямдарна. Тиймээс бодлогын хүүг аль болох хурдан бууруулах нь магадгүй урт хугацаандаа  инфляцийг бууруулах зөв бодлого байхыг ч эдийн засагчид онцолж байна.

Ямар ч байсан баяртайгаар хөөрөгдөж буй инфляцийн эсрэг Монголбанк  дахиад л “сум”- тавилаа. Энэ сум байгаа хэрхэн онох л энгийн иргэдэд хамгийн чухал байна. Учир нь инфляци ядуугаас нь хөрөнгийг нь булааж, баячуудын халаас руу хийдэг нүдэнд харагдаж, гарт баригддаггүй аюултай “дээрэмчин” болохоор тэр.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж