Хөгжлийн банк 580 сая ам.доллар босгожээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк 580 сая ам.доллар босгожээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан Хөгжлийн банк тун удахгүй хөрөнгөжих бололтой. Өнгөрсөн хугацаанд тус банк хөрөнгө мөнгөний бэрхшээлтэйгээс болоод Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил удаашралтай байсан юм. Харин энэ жилээс Засгийн газраас хэрэгжүүлэхээр амласан төмөр зам, авто зам тавих, V цахилгаан станц барих, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах ажлууд эхнээсээ хэрэгжиж эхлэх нь ээ. Өнгөрсөн жилийн сүүлээр 600 сая ам.долларын өрийн бичгийг олон улсын зах зээлд гаргах эрхийг Засгийн газраас Хөгжлийн банкинд олгосон. Энэхүү өрийн бичгийн баталгааг Засгийн газар хариуцсан бөгөөд эхний 20 сая ам.долларын үнэ бүхий бондыг хаалттай хэлбэрээр арилжаалж улмаар Монголбанк дахь дансандаа төвлөрүүлсэн. Дээрх өрийн бичгийн үлдэгдэл  580 сая ам.долларын үнэ бүхий Засгийн газрын баталгаатай бондыг өнгөрсөн хоёр долоо хоногийн туршид Ази, Европ болон АНУ-ын санхүүгийн зах зээл дээр арилжаалахаар санал болгоход нийт 300 гаруй хөрөнгө оруулагчид зургаан тэрбум гаруй ам.долларын бонд худалдан авах захиалга ирүүлсэн байна.

Хөгжлийн банк нь олон улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа нээлттэй байдлаар бонд арилжаалж байгаа бөгөөд тус банкны ТУЗ-ын дарга ноён Б.Батжаргал “Бондын хүү өндөр тогтоогдох вий гэсэн болгоомжлол байсан. Гэсэн хэдий ч үнэхээр гайхалтай үр дүн гарлаа” хэмээн дүгнэж байгаагаа илэрхийлсэн. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг жилийн 5.75 хувийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран арилжаалсан байна. Олон улсын зээлжих зэрэг­лэ­лийн үнэлгээний Standard & Poor’s байгууллага нь Монгол Улсын Хөгжлийн банкны энэхүү өрийн бичигт (BB-) буюу Монгол Улсын Засгийн газартай адил төвшний үнэлгээг өгсөн аж. Албаны хүмүүс энэхүү бондын арилжааг Монгол Улсын банк, санхүүгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн чухал алхам боллоо хэмээн үзэж буй аж.  Учир нь Хөгжлийн банкны монголчуудад шинэ гүр, томоохон боломжийг нээж өгч байгаагаараа онцлог аж. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк бондоо анх удаа гаргаж буй гэхэд хүү нь сүүлийн жилүүдэд ажиглагдсан хамгийн багаар үнэлэгдэж байгаа нь бас нэг давуу тал аж. Мөн 580 сая ам.долларын бондоос 10,7 дахин их худалдан авах санал ирсэн нь хамгийн онцлох үйл явдал гэнэ.  Солонгосын Хөгжлийн банкны бондод гэхэд л хамгийн их­дээ 4,2 дахин их захиалга ирж байж.

“Finance Asia” мэдээллийн агентлагийн “олон улсын санхүүгийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн банкны бондыг маш удаан хүлээсэн” хэмээн мэдээлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг цэг Монгол болоод байгаагийн нэг илрэл болов. Арилжаанд оролцогчдын хувьд Азийн хөрөнгө оруулагчид 32 хувь, Европын хөрөнгө оруулагчид 36 хувь, Америкийн хөрөнгө оруулагчид 32 хувийг тус тус эзэлсэн бөгөөд “Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр”-ийн дагуу Хөгжлийн банкны бондыг АНУ-ын нутаг дэвсгэрт байрладаггүй хөрөнгө оруулагч худалдан авах боломжтой бөгөөд төрлөөр нь авч үзвэл хөрөнгө оруулалтын сангууд 85 хувь, хувийн банкууд 12 хувь, бусад хөрөнгө оруулагчид гурван хувийг эзэлжээ. Олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 580 сая ам.доллар энэ долоо хоногийн лхагва гаригт багтаан Хөгжлийн банкны дансанд орж ирэх бололтой. Энэ мөнгийг Хөгжлийн банк эхний ээлжинд төмөр зам, авто зам шинээр тавихад зарцуулах бөгөөд 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар 1520 мм-ийн өргөн царигаар барихаар УИХ-аас баталсан байгаа. Эхний үе шатанд нийт 1100 орчим км, хоёр дахь үе шатанд 900 орчим км, гурав дахь үе шатанд 3600 орчим км төмөр замыг барих маршрутыг тогтоосон. Эхний ээлжинд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэх юм. Шинэ төмөр замын чиглэлийг тогтоохдоо стратегийн ордууд болон боловсруулах үйлдвэрийн ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, ашигт малтмалыг эрэлт ихтэй зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамааралгүй байх нөхцөлийг хангах, гол худалдан авагч нь ОХУ, БНХАУ, Ази, Номхон далайн орнууд болон Европын холбоо байхаар бодлогын баримт бичигт тусгасан байгаа. Шинэ төмөр замын төслийнхөн зам барилгын ерөнхий гүйцэтгэгч нартай гэрээнүүдээ хийгээд явж байна. Нийтдээ 30 компанийн ажлын гэрээ нь 31.8 тэрбум төгрөг  болж байгаа аж. Хөгжлийн банк тэдгээрийн ажлыг гүйцэтгэлээр нь хянаж,  санхүүжүүлэх юм. Мөн Сайншандын аж үйлдвэрийг барихад дор хаяж арван тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд энэ хөрөнгийг Хөгжлийн банк босгох үүрэг хүлээсэн. Цогцолборыг ашиглалтад оруулсанаар манай улсын эдийн засгийн бодит өсөлт огцом нэмэгдэж аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувьд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 14 хувьд болно гэсэн тооцоо бий. Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт суурь хувилбараас 4.3 нэгжээр нэмэгдэх боломжтой гэнэ. Дээрх цогцолборын хүрээнд “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд баригдах бөгөөд энэхүү томоохон үйлдвэрүүдийг дагаад жижиг дун үйлдвэр бий болно хэмээн Засгийн газраас үзэж байгаа билээ.

Э.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж