Ардчилсан намд байдаг нэгэн өвчин дахин сэдэрлээ. Ядаж байхад халдварт өвчин шүү. Сонгуульд оролцох дөхсөн үед аливаа нам гадагшаагаа, өрсөлдөгч рүүгээ хамаг анхаарлаа тавьдаг бол энэ удаад дотогшоогоо өөрсөд рүүгээ анхаарахаас аргагүй болов.
Тус намын УИХ дахь бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Бид орон нутгийн сонгуульд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан. Яг л энэ мэдэгдэлдээ итгэл төгс байхын тулд Ардчилсан намын удирдлагад, тэр тусмаа нийслэлээ хариуцдаг дарга нарт өвчнөө дарж авахад тулгуу хугацаа үлдлээ.
Нэг дүүрэгт нэг намын хоёр байр, хоёр дарга, тусдаа тамга гээд л. Хан-Уул дүүрэг ийм л ойлгомжгүй байдалтайгаар багагүй хугацааг өнгөрөөснийг та бүхэн санаж буй байх. 2008 оны орон нутгийн сонгуулиар тус дүүргийн эрх мэдлийг Ардчилсан нам анх удаа авсан ба тодруулбал, 35 суудлын 26-д нь АН, Эх орон нам, ИЗН-ын эвсэл ялалт байгуулсан. Нам, эвслээ үнэмлэхүй ялалтад хүргэсэн АН-ын хорооны дарга Ж.Ганхуяг ном ёсоор Засаг дарга болж байв. Гэвч Б.Ариунболд дүүргийн намынхаа байрны хажууд дахин нэг байр ихэрлүүлж, тамга тэмдэг үүсгэн “өвчин, маргаан” үүсгэнэ.
Мэдээж энэ маргаан, ойлгомжгүй байдал үргэлжилсээр байвал Ардчилсан намд ашиггүй, хохиролтой нөхцөл улам ихэссээр байх тул Ж.Ганхуяг буулт хийж “хоёрыг нэг болгосон”. Өөрөөр хэлбэл, Б.Ариунболд санаснаа авч дүүргийн намын дарга болсон. Тухайн үед эвлэрлийн гэрээ байгуулан “Бид ойлголцохгүй байснаар юу ч хожихгүй. Бусад намуудад энэ ойлголцохгүй байгаа нь хэрэгтэй” хэмээн аль аль нь мэдэгдсэнээр энэ өвчин дарагдсан билээ. Гэвч Цэргийн баярын өмнөх өдөр өнөөх дарагдсан өвчин дахин сэдрэх нь тэр.
“Та нөхдийг иртэл нь хуралдахгүй. Ирэхээр нь хуралдах учир тайван яваад ир” гэж Б.Ариунболд хэлээд дүүргийн ИТХ-ын гишүүн 20 гаруй нөхдөө гадаадад томилолттой явах хойгуур нь дүүргийн намын хурлаа хийчихжээ. Мэдээж байхгүй хооронд нь амжуулах зүйлээ ч төлөвлөсөн ёсоор хийж. Уг дүүргийн хурал гэгчээрээ дөрвөн дэд даргыг томилжээ. “Хурал гэгч” гэхийн учир нь тус намын дүрмээр хурал хүчин төгөлдөр болохын тулд ядаж 53 гишүүний ирцтэй байх ёстой аж. Гэтэл тухайн хуралд 43 төлөөлөгч оролцсон буюу 40 хувийн ирцтэйгээр хуралдсан байна. Ингэхдээ зарим ирээгүй гишүүдийг ирсэнд тооцон, мөн ирээгүй хүнийг өөр хүнээр төлөөлүүлэн хуурамч ирцээр яаруу сандруухан хуралджээ. Урд шөнө нь дүүргийн намын дарга нь мессеж бичин байж арайхийн цуглуулсан тоо нь энэ. 105 гишүүний 40-ийг цуглуулан өөрийнхөө талд шийд гаргаж байгааг үлдсэн олонх нь хүлээн зөвшөөрөх гэж үү.
Мөн анхаарал татмаар зүйл нь 20 гаруй гишүүн нь Бүгд найрамдах Солонгос Ард улс руу томилолтоор явахдаа намынхаа даргад “Биднийг ажлаар яваад ирсний дараа хурлаа хийж өгөөрэй” хэмээн албан бичиг илгээж “ок” гэх хариулттай явсанд байгаа юм. Гэвч яг л энэ хугацаанд нь дүүргийн намын хорооны хурлыг хийж, хурлын товыг 14-өөс доошгүй хоногийн өмнө албан ёсоор зарласан байх ёстой гэх заалтыг зөрччихжээ.
Ингэснээрээ Б.Ариунболд маань “Ойлголцохгүй байсан нь ашигтай” хэмээн албан бусаар зарлаад орхив. Гишүүдээ явуулчихаад, гадны хүн оруулж хүчээр хурал хийлгэж, өөрийнхөө хүмүүсээр удирдлагын багаа бүрдүүлснээр үндсэндээ намын эв нэгдлийг хангагч байна гэсэн үүргээ зөрчив. Гол нь сонгууль дөхсөн, Ардчилсан намын рейтинг нийслэлд өндөр байгаа энэ эгзэгтэй үед намынхаа дотоод асуудлыг ийн хурцатгаснаараа МАН-д ялагдах эхний алхмаа хийж буй мэт ч харагдав.
Ардчилсан намын энэ өвчний гол аюул нь халдвартай гэдгийг сана. Хан-Уулын АН-ын хорооны гишүүдийн маргаан Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Дархан-Уул аймгийн намынханд хэрхэн нөлөөлж байсныг бод. Аян замд өвчтэй хүн гардаггүй гэдэг байх аа. Хэрэв тийм бол Ардчилсан намын удирдлага энэ өвчнөө хурдхан л дарчихаад сонгуульдаа орох ёстойсон.