Тамгын газарт тохиолдлын хүн ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Тамгын газарт тохиолдлын хүн ажиллахгүй

“Парламентын Ажлын албаны талаарх бусад орнуудын туршлага, УИХ-ын тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг баасан гаригт Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлэгт тамгын газрын ажилтнууд оролцож, УИХ-ын Тамгын газрын одоогийн бүтэц, зохион байгуулалтыг хэрхэн сайжруулах талаар ярилцсаны зэрэгцээ бусад улс орны парламентын ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг харьцуулсан судалгаанд үндэслэн санал бодлоо солилцсон юм. Одоогоор УИХ-ын тамгын газарт 200 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг чадваржуулах тал дээр анхаарах саналууд зөвлөгөөний үеэр гарч байлаа.

Дэлхийн аль ч улс оронд хууль тогтоох эрх мэдэл нь тухайн улсынхаа парламентад хадгалагддаг бөгөөд энэхүү эрх мэдэл нь хуулийн төсөл санаачлах, төслийг хэлэлцэн батлах гэсэн ерөнхий процессоор хэлбэрждэг тул парламент нь нэг болон хоёр танхимтай байх эсэх, хуулийн төслийг эцсийн байдлаар Ерөнхийлөгч нь баталдаг эсэхээс үл хамаардаг гэнэ. Харин парламент энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өндөр мэргэшлийн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий мэргэшсэн албатай байх ёстой байдаг ажээ. Тодруулбал, Парламентын ажлын алба нь парламентад бүхэлд нь болон парламентын танхимууд, байнгын болон бусад хороод, парламентын гишүүд хууль тогтоох болон бусад эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь зөвлөх болон шинжлэх ухааны судалгаа, техник- зохион байгуулалтын өргөн хүрээтэй үйлчилгээ, туслалцаа дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий төрийн албан хаагчдын байгууллага юм. Манай улс дэлхийн жишигт нийцсэн орчин цагийн парламент бүхий улс болохын хувьд эдгээрийг хууль тогтоомждоо зохицуулсан байна. Судалгааны үр дүнгээс харахад парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд түүний ажлын албанаас үзүүлж буй мэргэшсэн үйлчилгээ нь ихэнх улс оронд нийтлэг байдлаар зохицуулагдсан байна. Эдгээр нь тухайн орны эрх зүйн харилцаа, парламентын хэлбэр болон уламжлалтай холбоотой онцлог гэдгийг харгалзах хэрэгтэй. Ардчилсан засаглалтай орнуудын парламентын ажлын албаны туршлагыг судалсны үндсэн дээр УИХ-ын Тамгын газар нь чадавхиа бэхжүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс шат дараатайгаар олон арга хэмжээ авч байгаа бөгөөд тухайлбал, ажил үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, үйл ажиллагааны үр дүнг чанаржуулах үүдээс 1992 оноос өнөөг хүртэл зургаан удаа бүтцийн өөрчлөлт хийж хэлтэс албадын үндсэн чиг үүргүүдийг шинэчлэн тодорхойлж өгсөн байна. Бусад орнуудын туршлагаас үзэхэд парламентын хяналт шалгалтын, түүн дотроо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрхтэй Байнгын хорооны статустай хороо, комисс, оффис болон тусгай албан тушаалтан ажиллаж байгаа бол манайд УИХ-ын Байнгын хороод, дэд хороод хянан шалгах үйл ажиллагаа явуулах эрхтэй, харин тусгайлан мөрдөн шалгалт явуулах эрх, үүрэгтэй бүтэц үгүй байдаг гэнэ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэлэхдээ, “Бид цааш цаашдаа парламентын үйл ажиллагаанд жинхэнэ мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөхөд анхаарах ёстой. УИХ-ын үйл ажиллагаанд олон жилийн туршлагатай бусад орнуудаас суралцах зүйл маш их байна. Тамгын газрын Судалгааны төв энэхүү хэлэлцүүлэгт нэлээд бэлтгэж 50 гаруй орны парламентын ажлын албаны туршлагыг судалсан. Эдгээр туршлагаас үзэхэд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгоход ихээхэн зүйл хийх шаардлага харагдаж байна. Үүний тулд юуны түрүүнд УИХ-ын Тамгын газрын тогтвортой, хараат бус, мэргэжлийн өндөр төвшинд ажиллах эрх зүйн үндсийг яаралтай хуульчлах шаардлага гарч байна. Өнөөдөр УИХ-ын тухай хуульд УИХ-ын Тамгын газрын тухай хоёр өгүүлбэр л бий. Тэгвэл бусад орнуудад парламентын ажлын албыг тогтвортой, мэргэжлийн, хараат бусаар ажиллахыг нь хуульчилж өгсөн байдаг. Иймд энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу Ажлын хэсэг дахиж ажиллах болно. Тамгын газрын зөвлөхүүдийн хуулийн дагуу гаргасан дүгнэлт цаад хүмүүст албан ёсны удирдамж болох эрх зүйн үндсийг бүрдүүлж өгөх ёстой. Ингэсэн тохиолдолд Тамгын газарт жинхэнэ мэргэжлийн, өндөр боловсролтой бодлогын том мэргэжилтнүүд ажил­лах ёстой болно. Харин гуйврын, тохиолдлын хүн ажиллах орон зай байх­гүй болно гэсэн үг” гэв. 

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж